500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжих асуудлыг нийслэлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэв. Уг бондын хөрөнгөөр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн билээ. Үүнээс 177.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах гэнэ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн танилцуулснаар уг хөрөнгөөр БНХАУ-аас 115 000 тонн хагас коксжиж нүүрс экспортолж, ирэх арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэх аж. Тэрбээр “Сайжруулсан түлш үйлдвэрлэхэд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксжих нүүрсээр солино. Уг түүхий эдээ БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжих түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Үүнийг хамгийн төгс шийдэл гэж хэлэхгүй. Зүгээр байснаас оролдоод үзье гэж байгаа юм. Энэ өвөл Улаанбаатар хотод үүнийг туршина гэсэн үг. Туршилт гэдэг үгээс айхгүй байна. Өөр арга байхгүй” гэлээ. Цаашлаад ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэн барина гэв.
Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч дээрх шийдлийг эрс эсэргүүцсэн бөгөөд “177.5 тэрбум төгрөгийг ганцхан өвөл шатаагаад дуусах нь” хэмээж байлаа. Ялангуяа ХҮН намын бүлгээс арга ядсан ийм шийдэл гаргах бус, шинжлэх ухаанч төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Нийслэлийн ИТХ-ынтөлөөлөгч Д.Гантулга “Нийслэл 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргана. Үнэт цаас гаргах нь зүйтэй. Хамгийн гол нь түүнийг үр ашигтай зарцуулах ёстой. Гэтэл ноцтой хэд хэдэн зүйл байна. Тодруулбал, бид энэ өвөл 177.5 тэрбум төгрөгөөр нүүрсийг асаагуурын хамт аваад, айлуудад тарааж, шууд утгаараа шатаах гэж байна. 2024 оны сонгуулийн өмнө иргэдийн бухимдлыг намжаах гэсэн, арга ядсан, түр аргацаасан үйлдэл болох нь. Монгол Улс Хятад руу түүхий нүүрс нийлүүлдэг. Гэтэл буцаагаад коксжих нүүрс худалдаж авах нь гутамшиг” гэсэн юм.
Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая хүртэлх ширхэг үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжиж, 500 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм. Уг саналыг өчигдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжив. Улмаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төсөвт тусгасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийг хуваарьт хугацаанд төлж барагдуулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа.
Ташрамд дурдахад, энэхүү бондын хөрөнгийн 45.8 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн 14.4 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэхэд зориулах гэнэ. Түүнчлэн “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга барихад 14.3, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн хоёрдугаар ээлжийн барилга угсралтын ажилд 13.2 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Бас өмнө дурдсанаар 177.5 тэрбумыг урд хөршөөс коксжих нүүрс авахад зориулах нь.