Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP) энэ сарын 4-6-нд Улаанбаатар хотод боллоо. Тус байгууллагын залуучуудын VI, эмэгтэйчүүдийн VII хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах эрхийг МАН авсан юм байна. Улмаар “Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх яриа хэлэлцээнд залуучуудыг оролцуулах нь”, “Цар тахлын дараах сэргэлтийг жендерийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн хүрээнд 21 улсын 28 намын төлөөлөл уг бага хуралд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Манай улсаас МАН, АН, ХҮН намын төлөөлөл оролцжээ.
Бага хурлын салбар хуралдааныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ “Дэлхий дахинаа өрнөсөн цар тахлын дараа Монгол Улсад зохион байгуулж буй энэхүү хурлын зорилго нь Ази тивийн нийтлэг ашиг сонирхол, тулгарч буй сорилтууд, цаашдын боломж, гарцыг эрэлхийлэх явдал юм” хэмээн онцолсон байна.
Салбар хуралдаануудын үеэр Азийн улс төрийн намуудын олон улсын Залуучуудын байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Учралыг, Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг сонгосон аж. Тус байгууллага дөрвөн салбартай бөгөөд үүнээс хоёрыг нь ийнхүү монгол залуучууд удирдахаар болж байна. Тогтвортой, эрх тэгш нийгэм, эдийн засгийг төлөвшүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо чухал учраас Засгийн газар, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн хамтран ажиллах ёстой хэмээн талууд энэ үеэр санал нэгджээ.
ICAPP нь Азийн 50 гаруй орны, 350 орчимулс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага аж.