Хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит, “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд явагдаж байгаа “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж, дайчдын үндэсний бахархлыг дээшлүүлэх, эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэх хүрээнд уулзалт, ярилцлага, нөлөөллийн ажлыг явуулж байна.
Энэ сарын 2-ны өдөр бэлтгэлд байгаа хошууч генерал Б.Баярмагнайг урьж “Эх оронч үзэл ба монгол бахархал” сэдвээр сургалт явуулав. Тэрээр гурван сэдвийн хүрээнд буюу “Эх оронч үзэл гэж юу вэ”, “Үндэсний бахархал”, “Монгол Улсын энхийг сахиулах үйлс дэх оролцоо, түүний ач холбогдол” мэдээлэл өгч, оюутан цэргүүдийн санал сэтгэгдлийг сонсож, харилцан ярилцлаа.
Тухайлбал, монгол цэргүүд хилийн чанадад тэр дундаа энх тайван бус, улс төр, эдийн засгийн хүндрэлтэй улс оронд очсоныхоо дараа юугаар ч сольшгүй энх тайван, уудам амгалан эх орондоо энэ бие минь төрсөндөө бахархдаг, баярладаг. Амьсгалах агаар, хил хязгааргүй цэлийх газар нутгаараа бахаддаг хэмээгээд “Эх оронч үзэл гэж хэт бардам, хэт үндэсхэрхэг үзэлтэй байхыг хэлдэггүй” гэдгийг ч сануулж, харин цэрэг дайчдаа хүндэтгэж, хайрлахаас эхэлдэг гэлээ.
Төгсгөлд нь тэрээр та бүхний гарт эх орных нь ирээдүй бий, зөв эр хүн байж, улс орондоо ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөсөн юм.
Мөн энэ сарын 03-ны өдөр хөтөлбөрийн дагуу тасгийн буудлагыг зохион байгуулж, тасгийн захирагч нарын тоотоо удирдах чадавх, байлдагч нар буудлагын ур чадварыг нь нэмэгдүүлэв. Энэ үеэр III ротын III салааны I тоотын байлдагч Э.Ган-Эрдэнэ, III тоотын байлдагч М.Бадар-Ууган нар 3 харвалтаас 3 онож, цэц мэргэнээрээ тодров. Дайчдадаа үлгэр жишээ болж, тус салааны захирагч дэслэгч Б.Сумъяабаатар нэг харвалтаар байг устгаж, манлайллыг биеэр үзүүлж, оюутан цэргүүдийн урам зоригийг нь сэргээж чадсан юм.
Эх сурвалж: Ахлах дэслэгч Б.Бэрхбаатар