БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж Ус,цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудал, ажлын нөхцөлтэй танилцлаа. Тус төвийн барилга 1970 онд баригдсанаас хойш өнөөдрийг хүртэл засвар хийгдэж байгаагүй бөгөөд аймагтаа ганцхан байдаг Байгаль орчны шинжилгээний лаборатори байрладаг байна. Уг байр нь нэгдсэн халаалт, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй, гадаа нүхэн 00-той, ариун цэврийн өрөө, хурлын "Заал" байхгүй зэрэг нь ажиллахад хүндрэлтэй байдаг гэв. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн УЦУОШТ нь цаг уурын 11 өртөө, 15 харуул, ус судлалын 15 харуул, агаар мандлын судалгааны аэрологийн 1 салбар байгаль орчны шинжилгээний лаборатори, гадаргын ус судлалын өртөө гэсэн салбар нэгжүүдэд нийт 122 албан хаагч ажиллаж байна.
Ус судлалын харуул нэг удаа эргүүл хийхдээ 3-10 км-ын зайг өдөрт 2 удаа хийдэг, өвлийн цагт -25 -40 градуст 1м-1.30м-ын цооног гаргаж усны хэмжилт хийхэд зориулалтын багаж байхгүй, усны голдирлын өөрчлөлтийг тогтооход нарийвчлал сайтай GPS шаардлагатай зэрэг асуудлыг хөндөж байв. Уг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөв, төлөвлөгөөг танилцуулах үүргийг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн дарга Б.Өнөрбатад БОАЖ-н Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг өгөв. Мөн БОАЖЯ-наас 2023 оны цаг уурчдын жил болгон зарласантай холбоотой эхний ээлжид шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлыг арилгах тал дээр анхаарч ажиллана гэв.
Албан хаагчид салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд эхнээсээ үр дүн өгч байгаад талархал илэрхийлж цаашид ажлын бүтээмжээ улам дээшлүүлж, салбарын шинэчлэлд хамтран ажиллана гэв.