Үндэсний их баяр наадам болон бусад барилдаанд зодоглосон бөхчүүдийн дундаас ёс зүйгүй авирласан байж болзошгүй гэж үзсэн нэр бүхий таван хүчтэнд Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж, заримыг нь шийдвэрлэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.28-д Баяр наадмын тухай хууль зөрчих гэсэн заалт байдаг бөгөөд түүний нэг дэх хэсэгт “Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсны дагуу ёс зүйгүй авирласан байж болзошгүй бөхчүүдээс хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх үүднээс тайлбар авахаар дуудаж байгаа юм билээ.
Тухайлбал, даян аварга Н.Батсуурь наймын даваанд улсын гарьд цол хүртсэн Ц.Бямба-Отгонд унасны дараах сэтгэл хөдлөлөө илэрхийлснийг цэнхэр дэлгэцээрээ харсан хүмүүс “Салаавч гаргалаа” гэцгээж буй. Түүний сэтгэл хөдлөл үнэхээр “салаавч гаргасан уу, үгүй юү” гэдгийг тодруулахаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор даян аварга, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, хурандаа Н.Батсуурь фэйсбүүкт “Бямба-Отгон гарьдад унасан харамссан зургаа худалдаж авна. Зурагчдаа олж өгч тусална уу. Хан-Уулын цагдаагаас залгаж байна, ир гэж” хэмээн бичээд буй.
Түүнээс гадна Үндэсний их баяр наадмын гурван даваанд улсын харцага Л.Лха-Очир, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн арслан П.Эрхэмжаргалтай барилдсан. Улсын харцага даваагаа ахиулсан энэ барилдааны дараа аймгийн арслан нь Л.Лха-Очирыг түлхэж биед нь халдсан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн аж. Мөн улсын арслан Ц.Содномдорж дөрвийн даваанд тахим авахдаа цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүү рүү тохойлдсон, улсын заан Б.Батмөнх төрөлх Төв аймгийнхаа баяр наадам, 100 жилийн ойд зодоглон улсын начин Д.Хүдэрбулгад өвдөг шороодож үзүүрлэчихээд элдэв хараал хэлж, зүлэг ногоон дэвжээ рүүгээ цохиж байгаа үйлдлийг ч цагдаагийн байгууллага Зөрчлийн хуулийн дээрх зүйл заалтыг үндэслэн шалгаж байна.
Олон нийтийн сүлжээнд Өвөрхангай аймгийн начин М.Балжинням сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдаж давчихаад өшиглөсөн, тахим авахдаа нидэрч биед нь халдсан бичлэг тархсан. Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг МҮБХ гурван жил хассан бөгөөд хууль, шүүхийн байгууллагаас Зөрчлийн хуулиар ч хариуцлага хүлээлгэж болзошгүй нөхцөл байдал үүссэн аж. Тиймээс аливаа баяр, ёслолд зориулсан хүчит бөхийн барилдаанд зодоглож буй бөхчүүд уламжлал, ёс зүйгээ сайтар мөрдөж байхгүй бол энэ мэтээр Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болж байна.