Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 280 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ наймдугаар сарын 01-ний өдрийн 23.00 цагийн орчим “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болсон аж.
Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 10.36 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, иргэн Н /33 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, Э/5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Мөн өдрийн 20.23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21.50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.