БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан суданы иргэд рүү хандсан ээлжит бүтээлч ажил, сайн үйлсийн талаар НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. Өмнөд Суданд борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан зарим төрлийн халдварт өвчнийг илрүүлж оношлох, эмчилгээ үзүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийн эмч, сувилагч, эрүүл ахуйч нараас бүрдсэн баг Бентью хотын эмнэлэгт ажиллаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж, судан иргэдээс хумхаа болон цар тахлын шинжилгээг авсан байна. Энэ үеэр шинжилгээгээр өвчлөлтэй гарсан иргэдэд анагаах эм тариаг, эмнэлэгт нь шаардлагатай багаж, бусад хэрэглэлийг гардуулж өгчээ.
Бентью хотын эмнэлгийн дарга доктор Банен Монголын энхийг сахиулагчдад НҮБ-ын өмнө хүлээсэн үндсэн үүргээсээ гадна энх тайван, эрүүл аюулгүй байдал, хүүхэд багачуудын ая тухтай орчин нөхцөлд үргэлж санаа тавьж, сайн үйлс өрнүүлж байдагт нь талархал илэрхийлснийг НҮБ-ын веб сайтад дурдсан байна.
Эх сурвалж: БХЯ