Байгаль орчин аялал жуулчлалын яамныхныг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Ахмедия Камелият хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хийж буй арга хэмжээний тухай санал солилцлоо.
Монголд зочлох жил арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 26 орны жуулчид ирсэн ба Алтай таван богд, Сүүн гол, Александр потанин мөсөн гол, Хотон хурган нуур, Бага түргэний хүрхэрээ мөн Казак үндэсний ахуй соёл, бүргэдийн баярыг үзэхээр ирдэг байна. Тэр хэрээр байгалийн унаган төрх алдагдах эрсдэлтэй тул байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж зарим тусгай хамгаалалттай газар нутагт авто машинтай нэвтрэх хязгаарын бүсийг тогтоох, хэрэгцээ шаардлага үүсэж байна.
Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт идэвхтэй явагдаж байгаа энэ үед Алтай таван богд уул руу автомашинтай нэвтрэх хязгаарыг тогтоож байгалийн үзэсгэлэнт газрыг хэвээр хадгалахын тулд БОАЖЯ-наас гаргасан бодлого, шийдвэр, Сайдын үүрэг даалгаврын биелэлтэд анхаарч ажиллана гэв. БОАЖЯ, Соёлын яамтай хамтран энэ сарын 19-нд “Nus Summit” арга хэмжээг Улаанбаатар хотод хийх ба facebook, instagram, YouTube хуудсандаа нийт 37 сая дагагчтай Nas Daily болон түүний багийн 25 инфлүүзер ирэх юм. Тэд 3 багт хуваагдаж Монгол орны аялал жуулчлалын голлох бүсэд аялж, аяллын контент бэлтгэх бөгөөд Монгол орныг гадаадад сурталчлах чухал арга хэмжээ болно гэдгийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байв. Нэг баг нь Баян-Өлгий аймагт ирэх ба үүнд оновчтой аяллын хөтөлбөр гаргаж, хамтран ажиллах хүсэлт тавилаа. Мөн Монгол орны нийт нутгийг хамарсан ажиглалт, ус, цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх, 24 цагийн тогтмол үйл ажиллагаатай Баян-Өлгий аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төвд нэн шаардлагатай цаг уурын станцыг орон нутгийн төсвөөр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.