Ардчилсан намаас хангайн бүсийн “Эдийн засгийн форум”-ыг өчигдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа. Уг чуулганд АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа болон ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк нар оролцож, илтгэл тавьжээ. Тухайлбал, Виктор Франк “Намын бүтэц ба гишүүдийн менежмент” сэдвээр ХБНГУ-ын туршлагыг хуваалцсан аж.
Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 700 гаруй төлөөлөгч уг форумд оролцож, орон нутагт бизнес эрхэлдэг хүмүүст тулгамдаж буй асуудал, сорилт, бэрхшээл, цаашдын боломж, шийдлүүдийн талаар хэлэлцсэн байна.
Форумыг нээж АН-ын дарга Л.Гантөмөр “Ажил хийх тусам ядуу амьдруулж буй учраас монгол хүмүүс олноороо гадагш дүрвэх болсон. Энэ бүхэн бодлогогүй улс төрийн үр дүн. Тиймээс АН бодлогын түвшинд ажиллахын тулд намынхаа дэргэд Стратеги, бодлого судалгааны хүрээлэн байгуулан ажиллаж байна. Ардчилсан нам асуудалд бодитоор хандаж, бодлогын шийдлүүдийг хамтаараа хэлэлцэж байх болно” гэжээ.
Мөн тус намынхан чөлөөт өрсөлдөөн бүхий эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор шат дараатай арга хэмжээ зохион байгуулж, “Залуус ба бизнес” уулзалтыг 21 аймаг, 330 сум, нийслэлийн дүүргүүдэд хийж эхлээд байгаа аж.