Манай улсад жилд 20 мянган хос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлдэг ч 4000 гаруй нь цуцлуулдаг байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд 17 694 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4515 нь цуцлуулжээ. Салалтын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Монгол өрх бат бэх байхад Гэр бүлийн тухай хууль чухал нөлөөтэй. Гэвч 1999 онд баталсан тус хууль өнөөгийн залуусын шаардлагад нийцэхгүй байгааг иргэд шүүмжилдэг. Өнгөрсөн хугацаанд найман удаа шинэчилж, дөрвөн парламент дамжсан ч Гэр бүлийн тухай хуулиа өнөөдрийг хүртэл боловсронгуй болгож чадаагүй л байна. Иргэд эл хуулийг даруй шинэчилж, өмнөхөөсөө боловсронгуй болгох, бодит ахиц, дэвшил гаргахыг хүлээж буй. эр бүлийн харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд ажлын хэсэг байгуулж, Гэр бүлийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан . Улстөрчид үүнд хойрго хандаж байгаагийн шалтгаан нь ч бүрхэг.
Хурдтай өөрчлөгдөж буй нийгмийн хөгжил, дэвшилтэй уялдуулаад дэлхийн улсууд гэр бүл, хосуудын харилцааг зохицуулах гол хуулиа цаг алдалгүй шинэчилж байхад манайх хуучинтайгаа зууралдсаар байгааг буруу хэмээн судлаачид удаа дараа ануулж буй. Өдгөө Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан ажлын хэсэг Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авахаар яамныхаасайтад байршуулсан. Тэрбээр “ХНХЯ-тай зөвшилцөөд шинэчилсэн хуулийн үзэл баримтлалыг эцэслэсэн. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг судалгаа, хэлэлцүүлэг ч зохион байгуулсан” хэмээн өгүүлсэн. Санал авч буй хэсэгт иргэдийн олонх нь “Хосын амьдралд тулгамдаж буй зүйл бол гэр бүлээс гадуурх харилцаа. Үүнээс үүдэж салалт нэмэгдэж, хүүхдүүд хохирч байна. Тиймээс хууль, дүрмээ чангатгах хэрэгтэй. Ингэвэл үүрэг, хариуцлагаа ухамсарлана, салалт ч багасна” гэсэн байлаа. Тэгвэл Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хосууд нэгэндээ үнэнч байх заалт оруулсан нь гэр бүлээс гадуурх харилцааг хуульчлах оролдлого гэлтэй.
Манай улсад ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн боловсрол олгох тухай тусгаагүй. Тиймээс хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь сэтгэхүйн онцлогт нь тохирсон арга, хэлбэрээр гэр бүлийн боловсрол олгох нь зүйтэй гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Ийм боловсрол багаасаа эзэмшдэггүйгээс залуус гэрлэлтийг үнэт зүйл талаас нь бус, материаллаг байдлаас харж, тоомжиргүй ханддаг. Энэ хандлага нь гэр бүлийн салалтад багагүй нөлөөлдөг аж. Хосууд салахад амьдралын асуудал бүрэн шийдэгддэггүй. Энэ нь хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжилд сөрөг үр дагавар авчирдаг. Үүнд хэн буруутай вэ. Эцэг, эхчүүдээс гадна хууль боловсруулагчид ч хамааралтай. Гэр бүлийг тогтвортой байлгахад төрийн зөв бодлого, эрх зүйн орчин ч чухал нөлөөтэй. Салалтаас үүдээд хүүхдийн хүмүүжил доголддог, улмаар өмчлөх, сурч боловсрох эрхээ ч эдэлж чаддаггүй. Нөгөө талаас төрийн байгууллагууд гэр бүл салалтыг бууруулахад анхаарч, дорвитой ажил санаачилж, хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс хууль санаачлагчид Гэр бүлийн тухай хуулийн төслийнхөө 3.8-д “Төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжинэ” хэмээх заалт оруулжээ. Товчхондоо, УИХ-ын гишүүд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө бодит байдалд нийцүүлэн баталж гэмээнэ хосуудын амьдралд “хөтөч” болох юм.
Асрамжийн газрын хүүхдүүд ч өмчлөх эрхтэй
Гэр бүлийн тухай хуулийн төсөлд олон шинэлэг зохицуулалт оруулсны нэг нь хүүхэд өмчтэй байх, үүнийг нь хэн хэрхэн зарцуулах, хамгаалах талаарх заалт юм. Хүүхэд өмчтэй байх эрхийг сайтар тодорхойлж, хуулийн төсөлд нэгбүрчлэн тусгасныг иргэд таатай хүлээж авсан. Нөгөөтээгүүр, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудад хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой заалт цөөнгүй байдаг ч бараг хэрэгждэггүй. Үндсэн хуулийн 16.3- т “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн бол Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8.1.4-т “Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхтэй”, Газрын тухай хуулийн 5.1.4- т “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-т заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заажээ. Эдгээр өмчлөх эрх хүүхэд төрсөн цагаас хамт үүсдэгийг хуульч онцолсон.
Хүүхэд өмчлөх эрхээ эдэлж чаддаггүй жишээ цөөнгүй бий. Зам, тээврийн ослын улмаас Монголд олон хүн амиа алддаг. Жишээ нь, эхнэр, нөхөр автомашины ослоор ороод нас барлаа гэж бодъё. Хохирогчдын хүүхдийг өсгөх хүнгүй бол харьяа нэгжийн Засаг даргын захирамжаар асрамжийн газарт шилжүүлэхээс аргагүй. Үүний зэрэгцээ тухайн айл, өмчтэй эсэх, тийм бол үүнийг нь бүртгэж, хүүхдийн нэр дээр шилжүүлдэг олон улсын жишиг байдаг. Харамсалтай нь, Монголд ийм үйл явц өрнөдөггүй. Тиймдээ ч асрамжийн газарт хүүхэд өмчтэй ирсэн тохиолдол үгүй. Зарим тохиолдолд эцэг, эхээ нас барсны дараа хүүхдүүд ойрын ураг төрлийнхнийхөө асран хамгаалалд очдог. Мөн л насанд хүрсэн хойноо өмч гэхээр зүйлгүйгээр амьдралд хөл тавьдаг хэмээн нэгэн ахмад прокурор ярьсан юм. Үүнээс гадна асуудалтай гэр бүлд өссөн хүүхэд өмчлөх эрхээ зөрчүүлэх нь олон. Архичин, тамхичин, мөрийтэй тоглоомд донтогч томчууд гэр бүлийн үндсэн гишүүн буюу үр хүүхдээсээ саналыг нь асуулгүйгээр өмчөө зардаг. Хүүхэд нь насанд хүрээд өөрийн гэсэн өмчгүй нийгмийн харилцаанд ордог. Хүүхэд өмчлөх эрхтэй ч дээрх асуудлаас үүдэж, хашаа байшин, орон сууц, өв дамжсан үнэт эдлэл, газраа ч эзэмшиж чаддаггүй, хөрөнгөө алдах тохиолдол Монголд түгээмэл. Хосууд салах үедээ ч хүүхдэдээ өмч хөрөнгө хувааж өгдөггүй нь мөн л нийтлэг үзэгдэл болсон. Товчхон хэлбэл, Монгол Улсын ирээдүйн иргэдийн олонх нь өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна.
Асрамжийн газрын хүүхдүүд дээрх хуулиудад заасан өмчлөх эрхээ эдэлж чаддаг, эсэхийг “Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэгээс тодрууллаа. “Өнөр бүл” төвд Засаг даргын захирамжаар ирэгсэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ л өмчлөх боломжтой. Засаг дарга захирамж гаргаснаар тухайн хүүхдийн мөнгөн дансыг хааж, битүүмжлэх эрх үүсдэг. Гэвч банкууд “Асран хамгаалагч, ээж, аавынх нь зөвшөөрөлгүйгээр хүүхдийн мөнгийг битүүмжлэх боломжгүй” хэмээн цааргалж, дансыг хаахаас татгалздаг гэнэ. Хүүхдээ үл хайхарсан эцэг, эхчүүд эл сиймхийг ашиглан “Бичиг баримтаа хаясан, гээсэн” хэмээн худал хэлж, банкнаас хүүхдийнхээ мөнгийг авч, үрдэг бөгөөд асрамжийн газар байгаа жинхэнэ эзэн нь хоосон хоцордог. Тиймээс тус төвийнхөн банканд бус, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандан, хүүхдийн мөнгийг битүүмжлүүлэх арга хэмжээ авдаг байна. Ингэснээр хүүхдүүд насанд хүрч, асрамжийн газраас явахаараа хуримтлагдсан мөнгөө авах, өмчлөх, захиран зарцуулах эрхтэй болдог. Тухайлбал, улсаас өгдөг мөнгийг хариуцлагагүй эцэг, эхээс журамлаж чадвал хүүхэд насанд хүрэхдээ тодорхой мөнгөн хадгаламжтай гардаг байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг нь 20 гаруй сая төгрөгтэйгөөр асрамжийн газраас явсан тохиолдол ч бий гэнэ.
Үүнээс гадназарим сайн санаат хандивлагч хүүхдүүдийн нэр дээр 100, 500 мянган төгрөгөөр хадгаламж нээж өгдөг гэнэ. Энэ тохиолдолд хүүхдүүд багаболовч мөнгөн хадгаламжтай болдог. Бусдаар бол асрамжийн газрынхан өмч хөрөнгөтэй болох боломж бага. Засаг дарганар өнчин хүүхдүүдэд газар олгох санаачилгыг дэмждэггүй. Тиймээс 18 нас хүрч асрамжийн газраас явсан хүүхдүүд газар өмчилж чаддаггүй байна. Аргаядахдаа“Өнөр бүл” төвийнхөн тэднийг айлын хашаанд гуйлгаж суулгадаг гэх. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт эрийн цээнд хүрсэн хүүдээ тус төвийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргань гэр бэлэглэж, тус төвийн ажиллагсад хандив цуглуулж, гэрийг нь тохижуулан, хамаатных нь хашаанд байлгахаар болжээ. Хүүхдүүдэд нь өмч хөрөнгө гэх зүйл байдаггүй тул дээрх шиг ажлыг байнгазохион байгуулдаг хэмээн М.Өлзийчимэг захирал хэлсэн. Тиймээс тэрбээр Ерөнхийлөгчид албан бичиг илгээж, хүүхдийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг анхаарч өгөхийг хүсжээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзаж, хүүхдийн өмчлөх эрх, эцэг, эхийн хариуцлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Сайд Х.Нямбаатар мэдээлэл авсны дараа“Өнөр бүл” төвийн удирдлагыг Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт багтаахааамласан ажээ.
ТООН МЭДЭЭ
БАЙР СУУРЬ
УИХ-ын зарим гишүүн Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, төсөл боловсруулсан. Улмаар уг хуулийн төслөө ХЗДХЯ-ны цахим хуудсанд байршуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдээс санал авч буй. Гэр бүл салалт хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжилд нөлөөлж, сөрөг үр дагавар авчирдгийг хуульчид, иргэд, гэр бүл судлаачид ч онцолж байна. Тэд саналаа “Өнөөдөр” сониноор дамжуулан уламжилсныг хүргэе.
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ДЭНДҮҮ ХУУЧИРСАН
Г.ЯГААН (Чингэлтэй дүүргийн II хорооны иргэн):
-Өнөөдрийн нийгэмд өргүй хүн ховор. Ажил хийсэн ч цалин бага, ахуйн хэрэглээнд ч хүрэлцдэггүй нь гэр бүл салахад нөлөөлж байна. Олон гэр бүлийн амьдрал энэ мэтээр орвонгоороо эргэж байхад төр, засаг хэлгүй, дүлий, хараагүй юм шиг байж болохгүй. Гэр бүлийн тухай хууль дэндүү хуучирсан тул өнөөгийн залуусын эрх ашиг, сонирхолд нийцэхгүй нь анзаарагддаг. Тиймээс хууль боловсруулагчид гэр бүлийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого баримталж, шинэчлэл хийх нь зүйтэй. Үүнийг иргэд маш их хүсэж байна. Гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд гадаадын орнуудын жишгээр торгуулийг нь өндөр болгох нь зүйтэй.
ХҮЧИРХИЙЛЭЛ, САЛАЛТЫН ЦӨӨНГҮЙ НЬ ХАРДАЛТААС ҮҮДЭЛТЭЙ
А.ЭРДЭНЭБАЯР (МҮЭХ-ны хуульч):
-Хуулийн зөвлөгөө авахаар хандаж буй хүмүүсийн ихэнх нь гэр бүлийн маргаан, гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлаа ярьдаг. Гэрлэж, хамтран амьдрах, мөн гэрлэлтээ цуцлах нь хүний эрхийн асуудал. Гэхдээ гэр бүлийн таарамжгүй харилцааны хамгийн гол хохирогч нь хүүхэд байдаг. Хүчирхийлэл, салалтын цөөнгүй нь хардалтаас үүдэлтэй. “Хайртай бол хартай” гэдэг үг нь нэгнийхээ амьдралыг там болгож байгаагаа хаацайлсан халхавч юм. Эндээс л хүүхэд өнчрөл, хагацалд унадаг. Нөхрийнхөө болон эхнэрийнхээ орж, гарахыг зааж зааварладгаа сайн хань гэж боддог бол эндүүрэл. Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, бусад хууль тогтоомж зөрчиж, тэгш байх эрхийг нь хязгаарлаж, хараат болгох, олсон орлогыг нь дур мэдэн зарцуулах, элдэв үгээр нэгнээ хэлэх, хэрүүл хийх нь тайван амьдрах бололцоогүй болгодог. Тиймээс нэгэндээ хүндэтгэлтэй харилцаж, хамтран зүтгэх нь гэмт хэргийн сэдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх сайн талтайг ойлгох хэрэгтэй.
ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖСЭН ЗААЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ
Б.ДОЛГОРСҮРЭН (Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны иргэн):
-Залуу гэр бүлийг дэмжиж, тэдний хүсэл, мөрөөдлийг нь сонсдог байгаасай. Тэдний олонх нь орон сууц, автомашины зээлтэй. Хөдөлмөрлөж олсноо өрөндөө өгч, гэр бүлдээ зориулах зав ч үгүй, мөнгө ч үгүй үлддэг. Зарим нь бүр хилийн дээс алхаж, хар ажил хийж байна. Энэ нь гэр бүлийн салалтыг дэвэргэдэг. Эцэг, эхдээ хаягдсан хүүхэд насан туршдаа гомдож амьдардаг. Сэтгэл зүй нь эмзэг болж, аливааг хүндээр тусгаж авдаг болчихдог. Би ханиа алдаж, хоёр хүүхэдтэйгээ өрх толгойлж үлдсэн эмэгтэй. Амьдралын хүнд ачааг ганцаараа нуруундаа үүрэх амаргүй. Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжсэн заалт оруулах ньзөв юм. Төр, засаг иргэдийнхээ амьдралд ойр, сэтгэлд нийцсэн, хөрсөнд буусан хууль батлаасай.
АРХИАР АМЬДРАЛЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ
Ц.ЭРДЭНЭЖАРГАЛ (Сонгинохайхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн)
-Залууст орон сууцын зээл дарамт болж, гэр бүлээ цуцлуулах алхам хийхэд хүргэдэг. Салалт зөвхөн хүүхдэд бус, ойр дотнынх нь ах, дүүст ч сөрөг нөлөөтэй. Залуусаа дэмжихгүй бол салалт жилээс жилд нэмэгдэнэ. Зарим нь өөрийн гэсэн гэр оронгүй тул эхнэр, хүүхдээ дагуулаад эцэг, эхийндээ очно, эсвэл түрээсийн байр хөлсөлнө. Залуусыг залхуу гэж яриад байх юм. Дотооддоо цалин сайтай ажлын байраар хангахгүй байна шүү дээ. Архинаас болж гэр бүлээ хүчирхийлэх нь энгийн үзэгдэл боллоо. Манай нөхөр архи байнга уудаггүй. Гэхдээ хааяа уухаараа“Амьдралын бэрхшээлээ мартаад хэсэгтээ сайхан байдаг юм” гэдэг. Архиар амьдралын асуудлыг шийдэж болохгүй биз дээ.
Ж.БАЯСГАЛАН: САЛАЛТ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД АРИЛШГҮЙ ХАР ТОЛБО ҮЛДЭЭДЭГ
Гэр бүлийн тухай хуулийн төслийн 3.5-д “Эцэг, эх хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх үүрэгтэй бөгөөд түүний эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална”, мөн 3.6-д “Эцэг, эх хүүхдэдээ гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг өвлүүлж, оюун санааны дархлааг бэхжүүлнэ”, 3.7-д “Гэр бүл аюулгүй, амар тайван, хүчирхийллээс ангид байна” гэсэн шинэ заалт оруулжээ.Өнөөгийн нийгэмд салалтад хардалт, үл ойлголцол, хүчирхийлэл, архидалт, ажилгүйдэл нөлөөлж буйг судлаачид хэлдэг. Мөн салалт нь хүүхдийн хүмүүжилд муу үр дагавартай. Гэр бүл судлаач Ж.Баясгалантай хүүхдийн хүмүүжлийн талаар цөөн хором ярилцлаа.
-Та олон гэр бүлд зөвлөгөө өгдөг. Хосуудад тохиолддог нийтлэг бэрхшээл юу байдаг вэ?
-Хосуудын салалтын гол шалтгаан нь нэгдүгээрт, гэр бүлээс гадуурх харилцаа байдаг. Хоёрдугаарт, үл ойлголцол, гуравдугаарт, архидан согтуурах, хүчирхийлэл, дөрөвдүгээрт, өрхийн санхүү, тавдугаарт, хүүхдийн хүмүүжил. Тэдний олонх нь гэр бүлийн асуудалдаа цэг тавих хэмжээнд очсон үедээ зөвлөгөө авахаар ханддаг. Гэр бүлийн харилцаа хүндэрсэн тохиолдолд бус, харин асуудал эхлэх үед ярилцах нь зүйтэй. Сүүлийн үед залуучууд гэрлэхээсээ өмнө зөвлөгөө авдаг болсон. Энэ нь тэдний сэтгэлгээ, хандлага өмнөхөөсөө өөрчлөгдөж буйг харуулж байна.
-Эцэг, эх нь салсан тохиолдолд хүүхдэд хамгийн их тулгардаг асуудал нь юу бол?
-Гэр бүл судлаачид хүүхдүүдтэй уулзаж ярилцдаг. Салалт сайн зүйлд хэзээ ч хүргэдэггүй. Аав нь орхиод явсан тохиолдолд охин хүүхдийн сэтгэл зүйд эрчүүд итгэл даадаггүй, худалч, хуурамч гэх зэргээр эсрэг хүйстнээ үзэн ядах, үл хүндэтгэх бодол төрдөг. Энэ нь ирээдүйд гэр бүлийн амьдралд хөл тавихад сөрөг нөлөөтэй. Салалт ямар ч хүүхдийн сэтгэл зүйд арилшгүй хар толбо үлдээх хамгийн том хүчин зүйл. Тархинд нь таагүй мэдээлэл насан туршид нь кодлогдож үлддэг. Эцэг, эхчүүдийн нийтлэг алдаа бол өсвөр насны хүүхэдтэйгээ харилцах аргаа нэг л олдоггүй, хүсэж байгаа зүйлийг нь дэмждэггүй. Тиймээс зөвлөхөөс илүү зэмлэх нь их. Энэ нь Монголд гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр дутмагтай холбоотой.
-Хүүхдүүд хэнд хамгийн их итгэж, нууцаа ярьдаг вэ?
-Өсвөр насныхны 85 хувь нь тулгамдсан асуудлаа гэрийнхэнтэйгээ бус, үеийнхэнтэйгээ хуваалцах сонирхолтой. Тэдний 15 хувь асран хамгаалагч, ойр дотнынхоо хүмүүстэй ярилцдаг гэх судалгаа бий. Үеийнх нь хүүхдүүд үгийг нь сонсож, байгаагаар нь хүлээн авдаг болохоор тэр. Тэд эцэг, эхдээ өөрийгөө ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэхийг маш их хүсдэгийг мартаж болохгүй. Зүйрлэж хэлбэл, гэр бүл үйлдвэртэй адил. Үйлдвэрээс сайн бүтээгдэхүүн гарах ёстой. Чанартай бүтээгдэхүүн нийгэмд нийлүүлж байж хөгжинө. Энэ нь нийгэмд үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, улсдаа эерэг хандлагатай, эрүүл, төлөвшсөн иргэн бэлдэх юм. Өнөөгийн нийгэм иргэдээс завгүй ажиллахыг шаарддаг ч гэр бүл, хүүхдэдээ анхаарал хандуулахаа хойш нь тавьж болохгүй.
-Эрүүл, ёс суртахуунтай иргэн бэлдэхийн тулд төр, засаг, гэр бүлүүд юунд анхаарах ёстой гэж бодож байна?
-Төр, засгийн хууль, дүрэм чанга байх нь зөв. Эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь гэр бүл, эх орноо хайрлаж, хамгаалах зөв хүн болгож хүмүүжүүлэх ёстой. Хүмүүс эрх чөлөө гэдэг үгийг зөв ойлгох хэрэгтэй. Хэний ч өмнө дураараа үг хэлэх, өөрийн зоргоор авирлах хандлага биш юм. Тэгэхээр хуулиас ахиж, мөрдвөл аюулгүй эрх чөлөө, сэтгэл зүйн тайван байдал бий болно. Ийм соёлыг монгол хүн сэтгэлгээндээ суулгах хэрэгтэй.