2024 оны нэгдүгээр сард БНСУ-ын Ганван хотод явагдах өсвөр залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох Монголын биатлоны шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод бэлтгэл сургуулилтаа базааж байна. Нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй биатлоын залуучуудын шигшээ баг Улан- Үдэд 2 сарын бэлтгэл хийж улмаар Казахстан улсад үндэсний шигшээ багийн тамирчидтай нэгдэж үндсэн бэлтгэлд хамрагдах юм байна.
Монголын биатлоны холбооны удирдлагууд өнгөрөгч Лхагва, Пүрэв гарагт Улан-Үд хотод ажиллаж залуучуудын шигшээ багийн бэлтгэлтэй танилцаж тамирчдад шаардлагатай витамин, спортын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Монголын өвлийн спортын түүхэнд хамгийн олон олимпод оролцох эрх аваад байгаа биатлоын холбооны удирдлагууд баг тамирчдынхаа амжилтыг улам ахиулж дэлхийн өндөр зэрэглэлийн дасгалжуулагчаар баг тамирчдаа бэлтгэж олимпын тэнгэр алтан соёмбот далбаагаа мандуулах эрхэм зорилго тээж байгааг Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир онцлож байлаа. Мөн манай улсад олон улсын стандарт бүхий спортын цогцолбор барих бүрэн боломжтой.
Жилийн 4 улирлын турш баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх спорт цогцолборыг Булган аймгийн Хангал суманд барих төсөл зураг нь гарсан. Хэрэв манай улс олон улсын стандарт бүхий спорт цогцолбортой болвол манай тамирчид эх орондоо байнгын бэлтгэл хийх боломжтой. Мөн дан ганц биатлоны тамирчид бус үндэсний шигшээ багийн бүхий л тамирчид үндсэн болон сэргэлтийн бэлтгэлээ хийнэ. Ингэснээр манай тамирчид гадаад улс оронд бэлтгэл сургуулилтанд зарцуулдаг хөрөнгө мөнгө хэмнэгдэж тамирчдын амжилт улам ахина . Мөн гадны баг тамирчид манай улсад ирж бэлтгэл хийж улсын төсөвт орлого оруулна гэдгийг Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр хэлж байлаа.
Эх сурвалж: MGL SPORT
Гэрэл зургийг Ж.Адилбиш