Монголын хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн шалгалтыг найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалтын товыг тус холбооны зөвлөлийн ээлжит бус хурлаар хэлэлцэж, аравдугаар сарын 23-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Бүртгэлийг өчигдрөөс эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 9 хүртэл явуулах аж. Шалгалтын эхний хэсэг сорилго хэлбэртэй. Үүнд тэнцсэн шалгуулагчид дараагийн шатанд эрхзүйн тохиолдол шийдвэрлэх буюу бодлого бодох аж. Бодлого нь иргэний, эрүүгийн, захиргааны эрх зүй гэсэн хэсгээс бүрдэх юм. Монголын хуульчдын холбооноос эл шалгалттай холбогдуулан сургалт явуулна. Өмнө нь дээрх гурван багц сэдвийг нэг л өдрийн сургалтаар заадаг байсан. Тэгвэл энэ жил нийт зургаан өдрийн сургалт явуулах юм байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хуулийн эчнээ буюу оройн ангийг дүүргэсэн эрх зүйчид оролцох боломжтойгоороо урьд жилүүдийнхээс онцлог аж. Ийм тохиолдолд шалгуулагч 120 болон түүнээс дээш багц цагийн хичээлийг судалж, тодорхой албан тушаалд мэргэжлийн дадлага хийсэн байх шаардлагатай гэнэ. Үүнээс гадна шалгалтын төлбөрийн хураамжийг 200 000 төгрөгөөр шинэчлэн тогтоожээ. Энэ нь өмнөх жилийн хураамжаас 120 000 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна. Түүнчлэн сургалтын нэг багц сэдэв нь 150 000 төгрөгийн хураамжтай.
Ташрамд дурдахад, энэхүү шалгалтад жилд дунджаар 1300 гаруй эрхзүйч бүртгүүлснээс 10-15 хувь нь л тэнцдэг аж. Өмнөх жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтад 1228 эрхзүйч оролцсоноос 371 нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авчээ.