Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын зорих жуулчдын хөл тасрахгүй, улам нэмэгдсээр байна. Ялангуяа Солонгос иргэдийн Монгол руу ирэх урсгал наадмын өмнөх үерийн уснаас ч хүчтэй аж. Ердөө л сар гаруйн хугацаанд 40-50 мянган Солонгосчууд манай эх оронд ирсэн тоон мэдээлэл байна.
БНСУ-аас алдартай жүжигчид, загвар өмсөгчид ирж буй. Үүнтэй холбогдуулан нэг алдартан ирэхэд манай улсын иргэд цахим орчинд талцан хуваалцах нь бараг энгийн үзэгдэл боллоо.
Жишээлбэл, өнгөрсөн даваа гарагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Plus size моделиудыг хүлээн авч уулзсан нь жуулчидтай холбоотой дахин нэг шуугианыг тарив. Нэг хэсэг нь “Төрийн сайд хүн хагас сая дагагчтай, хагас нүцгэн хүүхнүүдийг хүлээн авч уулзаж болохгүй” гэлцэх бол, нөгөө талд “Төрийн сайд хамраа сөхөөд байвал хэн манай улсыг тоож ирэх юм, уулзах нь зөв” гэх зэргээр талцаж байна.
Нээрээ л төрийн сайд ямар байх ёстой юм бол.
Зарим иргэд “Сайд хүн байж дэлхийд дансгүй хүүхнүүдийг хүлээн авч доошоо орлоо” гэх...
Харин нөгөө талаас “Өмнө нь сайд дарга нар хэнхэг зан гаргалаа гээд хожсон зүйл үгүй. Харин Б.Бат-Эрдэнэ сайд шиг энгийн байснаараа илүү үр дүнтэй байж, сайхан сэтгэгдэл төрүүлнэ” гэх өнцөг гаргажээ.
Ямартай ч БОАЖ-ын сайд энэ долоо хоногийн эхний сенсацыг тарьж, хөгжилтэй ард түмнийхээ ээлжит шоглоомын бай болов. Түүнийг тохуурхсан шог зураг хүртэл зуржээ.
"Өмнө нь ирсэн илүү алдартай Хан Китэ тэргүүтэй жүжигчидтэй уулзахад яасан юм" гэх иргэдийн асуултад БОАЖЯ-ны хэвлэлийн албанаас “Цаг хувиар нь таараагүй юм. Сайд Монголын зүүн хязгаарт, Хан Китэ баруун хязгаарт байсан, ажил ихтэй хүмүүс яаж хоёрт талаас таарах билээ дээ” гэж тайлбарлав.