Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөр, “Нээлттэй Дорноговь”, “Хүүхэд хөгжил” зорилтот жилийн хүрээнд олон сайхан бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын VIII багийн нутаг дэвсгэрт Хүүхдийн парк байгууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 5.4 тэрбум төгрөгөөр Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн "Дэлгэр баясах зам" ХХК болон бусад туслан гүйцэтгэх дөрвөн компани хамтран гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө. Хүүхдийн паркийн нээлт өнөөдөр (2023.07.27) болов.
Улмаар нээлтэд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт ҮНЭГҮЙ тоглох тасалбар бэлэглэсэн юм. Хариуд нь хүүхдүүдээс хог хаяхгүй цэвэрхэн тоглох амлалт авсан. Хүүхдийн паркад алсыг харагч, агаарын гинж, далайн дээрэмчин, морин тойруулга, эргэдэг аяга, усан сан, завь зэрэг 10 тоглоом суурилуулжээ. Мөн жил ирэх бүр эл паркийг өргөжүүлэх юм байна. Тухайлбал, ирэх жил Хүүхдийн паркад галт тэрэг нэмж суурилуулна. Засвар арчлалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн гэрээгээр хариуцан ажиллах юм байна. Аймгийн Хүүхдийн паркийн газар 6 га бөгөөд зоогийн газар, авто зогсоол, боловсон "ОО" зэргийг цогцоор нь байгуулжээ. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон, ая тухтай өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэмцгэр орчинтой болсондоо баяртай байна. Ташрамд дурдахад, цаашид Хүүхдийн паркийн багц тасалбар 18000-28000, нэг тоглоом 4-7 мянган төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийн парк нь:
1. Алсыг харагч (30 метрийн өндөртэй, 20 кабинтай)
2. Далайн дээрэмчний завь (24 хүүхдийн суудалтай)
3. Морин тойруулга (24 хүүхдийн суудалтай)
4. Мөргөлддөг машин -10 ширхэг
5. Агаарын эргэдэг гинжит тойруулга – (24 хүүхдийн суудалтай)
6. Эргэдэг аяга (24 хүүхдийн суудалтай)
7. Усны завь – 10 хүүхдийн суудалтай 5 ширхэг
8. Хиймэл нуур (2500 м3 усны багтаамжтай)
9. Нийтийн тоглоомын талбай- 6 төрлийн тоглоомтой
10. Тоглоомын элсний талбай-2 ширхэг