Засгийн газрын ээлжит хуралдаан долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө. Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн. Үүний улмаас модон 7, төмөр бетон 1 гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иймд уг гүүрүүдийг сэргээн засварлахад Засгийн гарын нөөц сангаас хөрөнгөгаргахаар болов. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын дээгүүр 150 метрийн урттай гүүр барих төсвийг шийдвэрлэлээ.Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас “Сэлбэ”голын далан зарим газраараа сэтэрч, яаралтай сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цаг агаарын мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд өгч, болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж ажиллахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн олон улсын авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гадаад улс орны үйлдвэрлэгчээс эсхүл олон улсын байгууллагын шууд болон дамжуулан худалдан авалт хийх журам, энэ харилцааг зохион байгуулах бүтцийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгалаа.