Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг мандал уулын аймаг, Богдхан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт долдугаар сарын 26-31-ний өдрүүдэд тэмдэглэж байна. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Говь- Алтай аймагт наймдугаар сарын 1,2-ны өдрүүдэд болно. Энэ жил 100 жилийн ой тохиож байгаа аймгууд марк гаргаж, тус бүр 20 мянган хувь хэвлэжээ.
Архангай аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас “Монгол шуудан” ХК-тай хамтран “Архангай аймаг-100 жил” марк болон дугтуйг хэвлэлтэд гаргаж, долдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн. 1125 дахь маркийг 30х30 хэмжээтэйгээр 20000 ширхэгийг, дугтуйг нийт 1111 ширхэгийг хэвлэсэн бөгөөд маркийг 3000 төгрөгөөр, дугтуйг 8000 төгрөгөөр Монгол шуудангийн бүх салбараар худалдаалж байна. “Архангай аймаг 100 жил” сэдэвт блок маркт Архангайн аймгийн сүлд, чимэглэл хэсэгт 100 жилийн лого, Монгол Улсын Төрийн тахилгат Суварга хайрхан уул, Тэрхийн цагаан нуур, Хорго, Булган уул, Монголын улаан номд орсон хүдэр, Хүннүгийн язгууртны морины гоёл Бэлгэт гөрөөс, нутгийн захиргааны ордон, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулсан байна. “Архангай аймаг-100 жил” марк, дугтуйны зургийг зураач Б.Баярхүү зуржээ. Маркийг зохиоход аймгийн ЗДТГ, аймгийн Шуудан үйлчилгээний газар, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш доктор, профессор С.Гомбобаатар, Д.Суран нар зөвлөгөө өгч ажилласан байна.
“Төв аймаг 100 жил” сэдэвт шуудангийн марк нь 1127 дахь марк бөгөөд Төв аймгийн сүлд, чимэглэл хэсэгт 100 жилийн ойн лого, Монгол Улсын төрийн тахилгат Богдхан уул, Манзуширын хийд, Зоргол хайрхан уул, Туул гол, Монголын улаан номд орсон тахь, Нутгийн удирдлагын ордон, Ноён уулаас илэрсэн эсгий ширмэл ширдэг, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулжээ.
Завхан аймгийн 100 жилийн ойд зориулж гаргасан маркийг худалдаанд гаргах нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 3-ны өдөр болсон. Монгол улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж буй 1126 дахь марк юм. Энэхүү маркийн үндсэн хэмжээ нь 30мм*30мм бөгөөд 20000 ширхэг хэвлэгджээ. Маркийн зураачаар зураач Г.Баттөр ажилласан байна. Маркийн эх загварыг аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалуулах юм. Уг блок маркт Завхан аймгийн 100 жилийн ойн лого, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан уул, Жавхлант толгой, Даян хайрхан уул, Вансэмбэрүү цэцэг, Монголын улаан номонд орсон янгир, Мухартын гол, Сэнжит хад, Улаагчны хар нуур, нутгийн удирдлагын ордон, Хүннүгийн язгууртны булшнаас олдсон сангийн бойпор, ахуй байдлыг монгол зургийн аргаар зурж тусгасан зэргээрээ онцлогтой юм.
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Хэнтий нутгийн есөн гайхамшиг, хүлэг сайн морьд, хандгай, Сэцэнхан аймгийн тамга, 100 жилийн лого зэргийг багтааснаараа онцлог юм. Энэхүү марк нь “Монгол шуудан” ХК-ийн 1124 дэх сэдвийн шуудангийн марк, үнэт цаас болжээ.