Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадам энэ өдрүүдэд тохиож байна. Наадмын хүрээнд Монголчуудын үндэсний хувцас болох дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, өв соёлоороо бахархах, өвлүүлэх зорилгоор “Төв түмний гоёл-2023” Мөнх-Алдарын талбайд үргэлжилж байна. Төв аймгийн уран гартнуудыг алдаршуулж, ардын урлалын биет өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх өргөн агуулгын хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Догсомын Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Мөн Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын ёслол хүндэтгэлийн жагсаал, Төрийн далбаа, аймаг, сумдын туг мандуулах ёслолын арга хэмжээг Мөнх-Алдарын талбайд зохион байгуулжээ. Үүнээс гадна Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг тохиолдуулан өөрийн санаачлагаар 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн алсын зайн гүйлтээ 62 хоногийн хугацаанд дуусган, нийт 2100км замыг туулж цэрэг хүний эр зориг, ур чадвар, тэсвэр тэвчээрийг олон нийтэд сурталчлан таниулсанд талархал илэрхийлж, Хүндэтгэл үзүүллээ.