Зам тээврийн цахим шилжилтийн хүрээнд хот болон орон нутгийн товчоодыг үе шаттай цахимжуулах ажил үргэлжилж байна. Эхний ээлжид Улаанбаатар хот тойрсон 5 товчоо цахим системд шилжжээ. Ингэснээр өмнө нь хотоос орж, гарах хөдөлгөөнд жижиг тэрэг 1000 төгрөг бэлнээр хураадаг байсныг хялбарчилж, зам ашигласны төлбөрийг бэлнээр таны машины улсын дугаараар ezam.mn системд нэхэмжлэл үүсгэдэг болсон. Жолооч та тухайн товчоогоор нэвтрэхдээ ямар нэг саадгүйгээр зорчиж, харин дараа нь ezam.mn системээр нэвтэрч зам ашигласны төлбөрөө төлөх үүрэгтэй. Товчоодын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанаас хойш жолооч нарын төлбөр төлөлт хангалтгүй байгаа нь төлөвлөгөөт зам засвар, арчлалтын зардал тасалдах нөхцөл үүсэхэд хүргэж байгаа тул орон нутаг, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг заавал төлүүлэх арга хэмжээг авч эхэллээ. Тодруулбал, жолооч нар татварын өр төлбөртэй бол оношилгоонд хамрагдах, тээврийн хэрэгслээ шилжүүлэх боломжгүй. Мөн Улаанбаатар хот тойрсон товчоодоор орж, гарсан жолооч нар EZAM.MN системээр нэвтрэн зам ашигласны төлбөрөө төлөөгүй тохиолдолд оношилгоо, тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэх зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээг дээрх төлбөрийн үлдэгдэлгүй, заавал төлсөн байх журмын зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.