Эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс өнөөдөр танилцууллаа. Шүүхээр шийдвэрлэгдсэн болон шүүхийн шатанд байгаа авлига, албан тушаалын "Нүүрсний" гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл тодрууллаа. "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан 63 хүнд холбогдох найман хэргийг анхан шатны шүүхэд хүлээн авчээ. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Дээрх хэрэгтэй холбоотой улс төрийн өндөр албан тушаалтан байхгүй гэдгийг албаныхан онцлов. Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг “УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэргийг шүүх дээр өнөөдрийн байдлаар хүлээн авч, хянан шийдвэрлэсэн зүйл байхгүй. Шүүхийн өмнөх шат буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналтад явж байгаа хэргийн талаар мэдээллийг ШЕЗ-өөс өгөх боломжгүй” гэлээ.
Одоогоор 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. Харин давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох хоёр хэрэг ирснээс таван хүнд холбогдох нэг хэргийг шийдвэрлэж, таван хүнд холбогдох нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж буй. Дээрх хэрэгтэй холбоотойгоор 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ,
Давхардсан тоогоор зургаан хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, 26 хүнд хязгаарлалт тогтоож, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ тус тус авсан байна.