Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Эрдэнэтийн Үйлдвэрлэл, технологийн паркыг хөгжүүлэх стратеги, судалгааг хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөөд байгаа БНСУ-ын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гээс томилогдсон, Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Солонгос дахь төлөөлөгчийн газрын дарга, Номхон далайн хуулийн фирмийн ахлах зөвлөх Хур Кюнг Вүүк тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа. “Монгол улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах/” судалгааны төслийг БНСУ-ын Засгийн газрын “Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд тус улсын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гийн Олон улсын хөгжлийн төв (CID), Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-гийн судлаачид оролцжээ.
Долдугаар сарын эхээр Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн, Хөвсгөл сумдын нутагт ажиллах ‘’Алтан ширээт’’ ‘’Гэрэлт говь’’ Үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркын талаарх судалгааг хийж дуусгажээ.
“Өнөөдрийн байдлаар БНСУ-д улсын өмчийн 47, орон нутгийн болон хувийн хэвшлийн зэрэг нийт 1300 орчин Үйлдвэрлэл, технологийн парк үйл ажиллагаа явуулж буйг тэрбээр танилцуулаад, 1960-аад оноос явуулсан аж үйлдвэрийн бодлогын хэрэгжилтэд алдаа, оноо багагүй байсныг дурдан, тэр бүх сургамж, туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэдгээ судлаачид онцолжоо.
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркын судалгааны ажлын хүрээнд төслийн багаас БНСУ-ын хөрөнгө оруулагчдад танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүнд тус улсын 12 хөрөнгө оруулагч оролцсон бөгөөд эхнээсээ хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж эхлээд байгааг судлаачид уулзалтын үеэр танилцууллаа.