НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эмэгтэйчүүдийн байгууллагаас жендерийн тэгш байдлын талаарх шинэ тайлангаа танилцуулжээ. Тэд анх удаа эмэгтэйчүүдийн эрх мэдлийн (WPI) болон олон улсын жендерийн тэгш байдлын (GGPI) индексээр улс орнуудын нөхцөл байдлыг хэмжсэн байна. WPI нь эмэгтэйчүүдийн эрх мэдлээс гадна сонголт хийх, боломжоо ашиглах эрх чөлөө тэдэнд бий, эсэхийг нь тодруулсан төдийгүй охид, бүсгүйчүүдийн эсрэг хүчирхийллийн аюулыг НҮБ-ын зүгээс анх удаа үнэлсэн жендерийн индекс аж. Үүгээр манай улс 0.67 оноо авч, дундаас доош ангилалтай орнуудын нэг болжээ. Эмэгтэйчүүдийн эрх мэдлийн индекс өндөр орнуудад багтсан Австрали, Швед зэрэг зургаан улс 0.801-ээс дээш үнэлгээ авсан байна.
Харин GGPI нь хүний хөгжлийн дөрвөн үзүүлэлт (эрүүл мэнд, боловсрол, оролцоо, шийдвэр гаргалт)-ээр хүйсийн ялгаатай байдлыг үнэлдэг бөгөөд Монгол Улс 0.784 оноотойгоор дунджаас дээгүүр ангилалд багтжээ. Эдгээр индексийн үнэлгээ тэг рүү дөхөх тусам жендерийн тэгш байдал хангагдахгүй байна гэж үздэг юм.
Тус тайланд энэ оны дөрөвдүгээр сараас өмнөх мэдээ, дүнг ашиглажээ. Ингэхдээ 114 улсын холбогдох мэдээллүүдийг бүрэн, ашиглаж болохуйц гэж үзсэн бөгөөд тэдгээрт хийсэн дүн шинжилгээгээр эмэгтэйчүүдийн эрх мэдэл, эрх чөлөө үндсэндээ хязгаарлагдмал байна хэмээн дүгнэсэн байна. Мөн дэлхийн охид, бүсгүйчүүдийн нэг хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендерийн тэгш байдал өндөртэй улс оронд амьдарч буйг тус тайланд онцолжээ. Гэхдээ одоогоор нэг чулс хүйсийн тэгш байдлыг бүрэн хангаагүйг дурдсан байлаа.