Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг мандал уулын аймаг, Богдхан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт долдугаар сарын 26-31-ний өдрүүдэд тэмдэглэхээр төлөвлөсөн. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Говь- Алтай аймагт наймдугаар сарын 1,2-ны өдрүүдэд болно.
Архангай аймаг: Архангай аймгийн 100 жилийн ой өнөөдрөөс эхэлж, 28-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ. Булган уулын тахилга, Сонгомол дээд, дунд, бага насны морьдын уралдаан, Цэргийн ёслолын жагсаал, Хүүхдийн сурын харваа, Булган ууланд зул өргөх ёслол, Азарганы уралданаа, Шагайн харваа, Үндэсний их сурын харваа, Үндэсний бөхийн барилдаан, Өсвөр бөхчүүдийн барилдаан болно.
Хэнтий аймаг: Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 27-28-нд болно. Ойн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр найман аваргын цэцэрлэгт хүрээлэнд хөгжмийн аяар оргилдог усан оргилуур байгуулна. Мөн аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд засвар, шинэчлэл хийжээ. Хурдан морины уралдаан зохион байгуулна.
Төв аймаг: Төв аймгийн 100 жилийн ойг долдугаар 27-29-ний өдрүүдэд тэмдэглэнэ. Ойн хүрээнд "Миний нутаг" яруу найргийн наадам, "Цэмцгэр 100 мод" аянаас гадна наадмын хөтөлбөрт урлаг, соёлын үйл ажиллагаа, бөхийн барилдаан, морины уралдаан зохион байгуулна.
Завхан аймаг: Завхан аймгийн 100 жил долдугаар сарын 30-31-нд болно. Аймгийн 100 жилийн ойг угтан Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” зорилтод үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ урлаг, соёлын хөтөлбөрүүдийг төлөвлөжээ.
Говь-Алтай аймаг: 100 жилийн ойн хүрээнд долдугаар сарын 15,16-ний өдрүүдэд хоёр хувилгаан сэнтийд залрах “Даншиг” наадмыг зохион байгуулж, “Жангар” залуучуудын фестивалыг наймдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Дөргөнө нуурын орчимд зохион байгуулахаар төлөвлөжээ.