Хүн төрөлхтөнд учруулсан гай гамшиг, гарз хохирлынхоо хэмжээгээр урьд үзэгдээгүй дэлхийн хоёр дайн, түүнээс улбаалан олон жил үргэлжилсэн үзэн ядалт, хонзогнолын “хүйтэн дайн”-аас сургамж авсан улс орнууд 1970-аад оны эхнээс олон удаа хэлэлцсэний дүнд Финланд Улсын нийслэл Хельсинки хотноо 1975 оны наймдугаар сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаа ны зөвлөлгөөнийг зохион байгуулснаас хойш 36 жилийн нүүр үзэж байна. Энх тайван, аюулгүй байдлын тухай нэгдмэл ойлголтыг бий болгохоор Европын 33 улс, АНУ, Канад ийнхүү хэлэлцэж ярилцсаны эцэст Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөлгөөний Төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурсан нь Европ тивийн баруун хэсэгт хамтын аюулгүй байдлыг бий болгоход чиглэсэн билээ.
Хельсинкийн Төгсгөлийн баримт бичиг нь цэрэг-улс төр, эдийн засаг ба байгаль орчин, хүний эрхийн асуудлаар улс орнуудын хүлээх үүргүүдийг тусгасны дээр төр, засгийн газрууд өөр хоорондоо төдийгүй өөрсдийн иргэдтэй харилцахад баримтлах зарчмуудыг тодорхойлсон юм. Айх аюулгүй энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд итгэлцлийг бэхжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа, мэдээллийн солилцоог өргөжүүлэх зорилгоор хүний аюулгүй байдал, ялангуяа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх үзэл санааг тусгасанд уг баримт бичгийн онцлог оршино.
1990–ээд онд Европт коммунист дэглэмүүд нуран унаж, социалист хамтын нөхөрлөл үгүй болсноор олон ургальч үзэл, ардчилал, хуулийг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх зэрэг нийтлэг үнэт зүйлд үндэслэсэн аюулгүй байдлын нэгдмэл орон зайг Европ даяар бодит утгаараа бий болгох боломж бүрдэв. Хэн хүний төсөөлж байгаагүй шинэчлэл, өөрчлөлт Европ тивийг хамарч, хоёр системийг тусгаарласан Берлиний хана нуран унах үед нөхцөл байдалд үнэлэлт өгөх, өөр хоорондын харилцааныхаа зарчмуудыг шинэчлэн тодорхойлох үүднээс Европын улсууд Парист дахин чуулж, хуваагдал, сөргөлдөөнөөс ангид, итгэл найдвар, эв нэгдлийг эрхэмлэсэн шинэ Европын тухай Парисын харти-ийг баталсан нь хүйтэн дайныг төгсгөл болгож, дайсагнагч талуудад хуваагдсан хүчний шинэ харьцаа тогтдог өмнөх уламжлалаас ангид, хүний эрх, ардчилал, эдийн засгийн эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийг бий болгох явдлыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын үүрэг, зорилт хэмээн тодорхойлсон болно. Шинэ тутам тусгаар тогтносон 28 улс ЕАБХАБ-д элсч, 1992 онд Хельсинкид болсон дээд хэмжээний уулзалтаас Хельсинки-2 буюу “Өөрчлөлтийн төлөв байдал, сорилтууд” нэртэй баримт бичгийг баталсан нь улс орныхоо дотоод амьдрал, гадаад бодлогыг биеэ даан шийдвэрлэхийг эрмэлзсэн тэдгээр улсаар хүрээгээ тэлсэн тус байгууллагын үйл ажиллагааг эрс өргөжүүлсэн юм.
НҮБ-ын хамгаалалд байсан баруун Боснийн мусульманчууд руу Сербийн зүгээс халдан довтолсны улмаас ЕАБХАБ-ын гишүүн улсууд 1994 онд Будапешт хотноо уулзаж, Сайн хөршийн харилцаанд тулгуурласан Европын тогтвортой байдлын пактыг баталсан нь XXI зууны Европын аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоог бий болгоход тус дөхөм үзүүлэв. Энэхүү уулзалтын дараахан 1997 оны долдугаар сард Мадрид хотноо хуралдсан НАТО-гийн зөвлөл зүүн Европын улсуудаар эгнээгээ тэлсэн юм. ЕАБХАБ-ын улсуудын тэргүүнүүд 1999 онд Стан булд чуулахдаа аюулгүй байд лын асуудалд цогц байдлаар хандах, олон улсын аюулгүй байдлын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгуул лагуудын сүлжээг үүсгэн өргө жүүлэх, улс хоорондын харилцааны асуудлуудаар зөвшилцөх, хамтран ажиллах нэгдмэл зорилгыг онцолсон Станбулын тунхаглалыг баталлаа.
2010 оны эцэст Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон ЕАБХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас Евроазийн уудам бүс нутагт аюулгүй байдлын нэгдмэл орон зайг өргөжүү лэх байр суурийг илэрхийлж, Астанагийн Тунхаглалыг баталсан нь аюулгүй байдал, хамтын ажиллагааны энэхүү тогтолцоог өргөжүүлэх шинэ үе шатыг эхлүүлэв. Харилцан хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд хүн амын шилжилт хөдөлгөөн, мансууруулах бодисын болон хүний наймаа, хөнөөл ихтэй зэр зэвсгийн тархалт зэрэг уламжлалт бус аюул ч оршсоор байна. Эрчим хүчний болон эдийн засгийн аюулгүй байдал, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, бусад бүс нутгийн хэрэг явдал ч Евроазийн байдалд нөлөөлж байна. Тиймээс, Евроазийн аюулгүй байдлын бүх нийтийг хамарсан гэрээ байгуулах асуудлыг боловсруулах, ЕАБХАБ-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг идэвхжүүлэх, тус байгууллагын бүтцэд эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийг нэмж байгуулах, байгаль орчин–экологийн форумыг бий болгох, улс орнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, санхүү, эдийн засгийн хямралыг гэтлэн давахад чиглэсэн “Их-8”, “Их-20” Европын Холбооны зүгээс тавьж буй хүчин чармайлтын зэрэгцээ эдийн засаг, мөнгөний шинэ тогтолцоог эрэлхийлэх, дэлхийн валютын нөөцийг шинээр бүрдүүлэх зэрэг аюулгүй байдлын олон талт асуудлуудыг судлах хүрээлэнг эмхлэн байгуулах зэрэг санал санаачилгыг Астанагийн дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн.
НҮБ-ын дүрмийн үзэл санаа, Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг, Парисын харти, Европын тогтвортой байдлын пакт баримт бичгүүдэд үндэслэн өөр хоорондоо хамааралтай аюулгүй байдлаа хангах арга замуудыг сонгоход адил бөгөөд тэгш эрхтэй, бусдыг үл хохироох замаар аюулгүй байдлаа бататгах, энх тайван, тогтвортой байдлыг тогтооход аль нэг буюу хэсэг улс бусдаас давуу эрх эдлэх, эрх ашгийн болон сонирхлын хүрээг тогтоох ёсгүй. Улс хоорондын харилцаанд хүч хэрэглэх, хүчээр далайлгахаас зайлсхийж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хуулийг дээдлэх явдлыг хамгаалж бэхжүүлнэ.Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус шилжилт хөдөлгөөн, хүнийг үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, зэвсгийн, мансууруулах бодисын, хүний наймааны эсрaэг хамтын хүчээр тэмцэнэ гэдгээ ЕАБХАБ-ын гишүүн улсууд илэрхийлэв.
2004 оны 12 дугаар сард Софи хотноо болсон ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын XII зөвлөлдөх уулзалтаар энэ байгууллагын хамтын ажиллагааны Азийн түнш орон болсон Монгол Улс өнгөрсөн хугацаанд тус байгууллагын үйл ажиллагаатай ойр дотно танилцаж, Дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалт болон Байнгын зөвлөлийн хуралдаан, Эдийн засгийн чуулга уулзалт, Хүний аюулгүй байдлын талаархи уулзалт, хамтын ажиллагааны түнш оронтой хамтран зохиодог бага хурлууд зэрэг арга хэмжээнд оролцохын зэрэгцээ хамтын ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийг тодорхойлж идэвхтэй хамтран ажиллаж ирэв. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хуулийг дээдлэх зарчмыг тууштай баримталж ирсэн Монгол Улс эдийн засгийн өсөлт эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед уул уурхайгаас олсон орлогыг хүн ардынхаа аж амьдрал, эдийн засгийн бусад салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд зориулахыг эрмэлзэж байна.
Манай улс ЕАБХАБ-тай хамтран энэ оны 5 дугаар сард “ЕАБХАБ-Монгол Улс 2011” бага хурал болон семинарийг өөрийн оронд зохион байгуулсан бөгөөд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх үүргийг долдугаар сард хүлээн авахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны нэгдүгээр сараас хойш тус улсад цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн хийгээд Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн хуралдаанд 2011 онд хэлэлцүүлсэн, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа өнөөгийн шинэ нөхцөлд нийцүүлэн шинэчилж бусад улстай, түүний дотор Европын улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг зузаатган хөгжүүлэх зорилтын үүднээс Европын Холбооны гишүүн улсуудын дагаж мөрддөг зарчим, стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулахыг эрмэлзэж байгаагаа мэдээлсэн болно.
ЕАБХАБ-д оролцогч орноор нэгдэх гэсэн Монгол Улсын хүсэлтийг энэ өдрүүдэд Литва улсын Вильнюс хотод болсон тус байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын XVIII зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж зарчмын хувьд уг хүсэлтийг нааштай хүлээн авч буйгаа мэдэгдэв. Энэ асуудлыг аль болох эрт шийдэх бүрэн эрхийг тус байгууллагыг 2012 онд даргалах Ирландад олголоо. Монгол Улсын хүсэлтийг дэмжиж байгаагаа хурлын үеэр олон улс илэрхийлэв. Энэ хуралд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцсон юм.
Г.ГАНБОЛД (ГХЯ-ны Европын газрын зөвлөх)