Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Шаригат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Сүхээ нар нь долоодугаар сарын 25-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд “Нэг зам-Нэг соёл” арга хэмжээний хүрээнд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ховд голын гүүрний орчим үүрэг гүйцэтгэж байхад гүүрийн хашлагаар нэг хөлөө давуулан үсрэх амиа хорлохыг завдсан иргэний үйлдлийг таслан зогсоож, амь насыг нь аварч, зөвлөгөө өгч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Өлгий сумын харьяат 30 настай, эрэгтэй нь найз бүсгүйтэйгээ маргаж, сэтгэл гутралд орсон шалтгаанаар дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогдож, Цагдаагийн байгууллагаас зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчид хандан, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулахаар холбон зуучилж ажиллажээ.