Өнгөрсөн оноос мөрдсөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд ирэх намрын ээлжит чуулганаар багагүй өөрчлөлт оруулах сурагтай. Учир нь өнгөрөгч Цагаан сарын өмнөхөн зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгаар “ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бий болгох” нь зүйтэй гэж дэмжсэн. Харин өнөөгийн эрх баригчид социализмын үеийн Ардын хянан шалгах хороог “амилуулах” уу, УИХ-ын хянан шалгах түр хороодын ажиллах зарчмыг боловсронгуй болгож чадах уу гэдэг нь анхаарал татаж байна. Хамгийн гол нь авлига, албан тушаалын томоохон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд, хууль тогтоомжийг илт зөрчсөн төрийн өндөр албан тушаалтнуудад хяналт тавьж, зохих хариуцлагыг нь үүрүүлж чадахгүй байгаа нь холбогдох байгууллагуудын удирдлагыг эрх барьж буй хүчнээс томилдгоос хамаардаг бөгөөд үүнийг өөрчилнө гэж эрх баригчид тайлбарласан юм. Ингэхдээ ард түмнийг төлөөлөн төрийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын бүрэлдэхүүний дийлэнхийг иргэдийн төлөөллөөс бүрдүүлэн, удирдлагыг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар, сонсгол хийн томилох зохицуулалттай болгоно гэж цухалзуулж байгаа.
...Цагаан сарын өмнөхөн зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгаар “ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бий болгох” нь зүйтэй гэж дэмжсэн. Харин өнөөгийн эрх баригчид социализмын үеийн Ардын хянан шалгах хороог “амилуулах” уу, УИХ-ын хянан шалгах түр хороодын ажиллах зарчмыг боловсронгуй болгож чадах уу гэдэг нь анхаарал татаж байна...
Ийм байгууллага бий болгох тухай хуучнаа санагалзсан яриа шинэ биш л дээ. Тухайлбал, дээрх санал асуулгын хоёр дахь шат Төрийн ордонд болох үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (2019 онд баталсан)-өөр төрийн хариуцлага, шударга ёсыг сахих Үндсэн хуулийн байгууллага бий болгох заалтын дагуу УИХ-ын Хяналт шалгалтын хуулийг баталсан. Ийнхүү парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулан ажиллаж байна. Энэ хууль хэрэгжиж, түр хороо ажиллаж эхэлснээр олон асуудлыг ил тод гаргаж ирлээ. Тухайлбал, Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай зэрэг хууль бус үйлдлийг хяналт шалгалтын түр хороо илчилсэн. Харин одоо энэ ажлыг нэг шат ахиулан, төрийн хариуцлага, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх бие даасан тогтолцоо ажиллуулах боломж байна” гээд хоёр хувилбар дэвшүүлсний нэг нь Ардын хянан шалгах хороо шиг байгууллага ажиллуулах тухай яриа байв. Тэрбээр “Азийн эрх зүйд төрийн хариуцлага, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлдэг, манайд өмнө нь ажиллаж байсан Ардын хянан шалгах хороо шиг байгууллага байх ёстой гэж ахмадууд маань санал гаргадаг. Энэ нь ард түмнийг төлөөлж УИХ, Засгийн газар, хууль, шүүхийн байгууллагуудад төрийн хяналтыг тавьдаг” хэмээн тайлбарласан удаатай. Харин нөгөө хувилбар нь өдгөө ажиллаж буй УИХ-ын хянан шалгах түр хороо шиг загвар. Хуулийн засаглал харьцангуй сул улс орнуудад Үндсэн хуулийн ийм байгууллага бий болгох замаар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж судлаачид үздэг аж.
Уг нь 2019 онд Үндсэн хуулийн 25.1.7-д “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэх нэмэлт оруулж, 2020 оны тавдугаар сард Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталсан. Мөн парламентын хянан шалгах түр хороо байгуулж болохоор Үндсэн хуульд тусган, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуультай болоод буй. Улмаар Хөгжлийн банкны чанаргүй зээл, эмийн чанар, хүртээмж, “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан УИХ хянан шалгах түр хороонууд байгуулан ажиллаж байгаа билээ. Түүнчлэн энэ оны эхнээс Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж байгаа. Үүгээр үндсэндээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага (яам, агентлаг, аймаг, нийслэл, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд), тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг хянаж буй гэхэд болно. Өөрөөр хэлбэл, УИХ-аас удирдлагыг нь томилдог, парламентад ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагад тавих хяналт нь энэ хуулиас тусдаа хэрэгжинэ гэсэн үг. Ингээд харвал манайд төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийн захиран зарцуулалтыг хянадаг аудит, авлигын эсрэг мөрдөн шалгах чиг үүрэгтэй тусгай байгууллага, Үндсэн хуулиар тусгайлан заасан парламентын хянан шалгах түр хороо зэргээс хяналтыг олон хэлбэрээр тавьж байна.
Харин иргэний эрх зөрчигдсөн, эсэх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг омбудсмен (захиргааны байгууллагуудаас хүний эрхийг сахин хангаж байгаад хяналт шалгалт хийхээр тусгайлан сонгогдсон (томилогдсон) албан тушаалтан)-ий хяналтын чиг үүргийг Ардын хянан шалгах хороо зарим талаар хэрэгжүүлж ирсэн гэх нь бий. Ардын хянан шалгах хороонд иргэдээс илгээдэг өргөдөл, гомдол нь “матаас” болон туйлширч, хэн нэгнийг хорлох, зориуд буруутган хэлмэгдүүлэх арга хэрэгсэл мэтээр ажиллаж байсныг мартах учиргүй. Юутай ч хяналтын эл загварыг өдгөө 70 гаруй улсад хэрэглэдгээс 50 нь омбудсмений талаар Үндсэн хуульдаа тусгайлан заажээ. Скандинавын орнуудын омбудсмен нь мөрдөн шалгах замаар иргэний болон нийтийн эрх ашгийг хамгаалдаг аж. Ингэхдээ хууль тогтоомжид харшилсан үйл ажиллагаа явуулах, гаргасан шийдвэр нь шударга бус, үндэслэлгүй, алдаатай байх, эрх мэдлээ хэтрүүлсэн, авлига авсан, эсэхийг хянах зэргээр ажилладаг юм байна.
Мөн Тайваньд төрийн хяналтын дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын бүрэлдэхүүнийг Орон нутгийн зөвлөлөөс нь нэр дэвшүүлснээр иргэд нь сонгодог гэнэ. Тус байгууллага нь төрийн хяналтын дээд эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах, зөрчлийг нь арилгах арга хэмжээ авах, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх, эгүүлэн татах, шийтгэх улс төрийн намын санхүүжилт, авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлыг хянах зэргээр асар их эрх мэдэлтэй аж. Улмаар шалган тогтоосон асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол шүүхэд шилжүүлэхээр Үндсэн хууль болон өөр бусад хуулиар нарийвчлан зохицуулжээ.
Жишээ болгон дурдсан орнуудынх шиг өргөн эрх мэдэлтэй омбудсментэй болчих вий гэхээс ч айж байна. Ямартай ч орон болгонд өөр өөр нэрээр ажиллаж ирсэн омбудсмений тогтолцоог манайд “Ардын хянан шалгах хороо” нэртэйгээр “авчрах” гэж байгаа бол Үндсэн хуульдаа тусгаснаар л тусаа өгөх болов уу. Гэвч энэ нь Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар амаргүй ажил юм. Тэгээд ч төрийн аудитын болон УИХ-ын хянан шалгах үүргийг Үндсэн хуулиар дархалсан энэ үед бид энэ мэт цоо шинэ тогтолцоо оруулж ирэхээс илүүтэй одоогийн зохицуулалт нь хэр үр дүнтэй ажиллаж байгаад анхаарал хандуулах ёстой. Хамгийн гол нь УИХ ард түмний төлөөллийн байгууллага. Одоогийн хуулиар парламентад сонгогдсон гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөлтэйгөө хамт олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулан ажиллах боломжтой байгааг ч амлах хэрэггүй. Угтаа ард түмний төлөөллийг хамгийн сайн хангаж чадах байгууллага УИХ-аас өөр юу байх билээ. Харин ч манай хууль тогтоогчид хэт “идэвхтэй” ажиллаж, эмийн үнийг хүртэл шалгана гэлцэн, давын өмнө хянан шалгах түр хороо байгуулах болсон. Гагцхүү түр хороо байгуулсан хойноо ажил хэрэгч, бодитой үр дүн гаргаж ажилласан уу гэдгийг эргэн харж, хараат бус шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлэхэд нь анхаарах шаардлагатай баймаар. Жишээ нь, “нүүрсний” гэх тодотголтой түр хорооныхон жил гаруйн хугацаанд ажиллахдаа тайлан, дүгнэлт гэхээр зүйл ч гаргалгүй татан буугдсаныг нь олон нийт хоёр талтай тайлбарлаж буй.
Нөгөө талаас хяналтын байгууллагын гэлтгүй төрийн аливаа өндөр албан тушаалтныг иргэдийн оролцоотойгоор нэр дэвшүүлж, томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулах зохицуулалт нь УИХ-ын хяналт шалгалтын хуульд бий. Хэдийгээр саяхан баталсан хуулиар төрийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүст тавьсан цөөнгүй хориг, хязгаарлалт бий болсон ч тэднийг иргэдийн оролцоотойгоор томилох зарчим байсаар буй.