Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд явагдаж байгаа “Оюутан цэрэг-2023” сургалтынхан төлөвлөгөөний дагуу ээлжит 20 км явган маршийг 7 дугаар сарын 23-ны өдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулж явууллаа.
Явган маршийн үеэр оюутан цэргүүдийн сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, хатуужил олгох хүрээнд тусгай төлөвлөгөө боловсруулан ус болон галын саад, эр зориг, тэсвэр тэвчээрийг шалгасан хичээлүүдийг 5 цэгээр явуулж, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах, айдсаа давах, бусдад туслах, багаар ажиллах чадваруудыг нь дээшлүүллээ.
Тодруулбал, амьд гарах арга ухаан, отолт, түр амралт буюу соёл хүмүүжлийн ажил, тактикийн ажиллагаа, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн цэгийг тус тус төхөөрөмжилж бэлтгэн даалгавар гүйцэтгүүлэв. Сэтгэл зүйн хичээлийн цэгт гэхэд айдсаа давах, бодит байдлыг тооцоолох чадвар суулгах үүднээс утаа, тэсэрч дэлбэрэх сургалтын макет, сургалтын сум, дайны талбарын дуу чимээг оруулж, орчин нөхцөлийг нь хүнд цагийн байдалд ойртуулсан нь түрүүч, байлдагч нарын нэг бүрийн бэлтгэлийг улам бататгаж чадсан юм.
Эх сурвалж: Ахлах дэслэгч Б.Бэрхбаатар