Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын баатар, армийн генерал Батын Доржийн хөшөөг нутгийн генералуудын талбайд шилжүүлэн байрлууллаа.
Уг ёслолд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Тамир, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн болон Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн болон Онцгой байдлын газрын удирдлага, бие бүрэлдэхүүн, нутгийн генералуудын үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.
БНМАУ-ын баатар, армийн генерал, дипломатч Батын Дорж 1914 онд Завхан аймгийн Алдархаан сумын Барзан хэмээх газарт төрсөн. 1948-1952 онд ЗХУ-ын Фрунзийн нэрэмжит академи мөн Жанжин штабын академийн дээд курст суралцаж төгссөн. Тэрээр эх орныхоо төлөө 1939 оны Халх голын дайн,1945 оны Чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралтад тулалдаж явсан гавьяатан.
Мөн БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1940-1948 онд баруун хязгаарыг тохинуулах командлагчаар томилогдон, улсын хилийг цөмлөн орж ирсэн Гоминдан, Оспаны дээрэмчдийг устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудын иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагааг зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ.
Армийн генерал Б.Дорж нь төрийн албанд 50 орчим жил тасралтгүй зүтгэхдээ Батлан хамгаалах яамны сайдаар 2 удаа, Хилийн цэргийн командлагчаар мөн л хоёронтоо томилогдон ажиллаж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган дэлхийн улс орнуудтай найрамдалт харилцаатай зэрэгцэн хөгжих үед Монгол Улсаа гадаад оронд төлөөлөн суусан олон улсын дипломатч байсан юм.
Түүний хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны одон, Алтангадас одонгоор тус бүр 2 удаа, түүнчлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны ба бусад ойн медалиудаар шагнаж байжээ.
Эх сурвалж: Ахмад Б.Хатанбаатар