Улаанбаатар хотын үерийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 10 хороонд НҮБ-ын Хабитат байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцлаа
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам ахалсан ажлын хэсэг UN-HABITAT /НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр/ байгууллагын хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын өндөр эрсдэлтэй гэр хорооллын 10 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхыг оршин суугчдын оролцоотойгоор шийдвэрлэх төслийн хэрэгжилттэй танилцлаа.
Төсөлд Толгойтын голын ай савд суурьшсан СХД-ийн 7,24,25,40,41,42 Сэлбэ голын ай савд суурьшсан СБД-ийн 12,13,16 , Улиастай голын ай савд суурьшсан БЗД-ийн 9, 34 дүгээр хороодын 1153 өрх хамрагдаж байна.
Төслийн хүрээнд иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, үер усны аюулаас өөрсдийгөө хамгаалах чадавхыг суулгаж, гадаргын ус зайлуулах суваг шуудуу барих, айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах санаачилгыг дэмжин хэрэгжүүлж байгаа юм.
Дээрх хороодын 1227 иргэн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, 92 бүлгийг үүсгэн байгуулж орчин нөхцөлөө сайжруулах ажлыг хамтдаа төлөвлөж хэрэгжүүлж байна. Эдгээр бүлгүүдээс 11156 иргэнд гамшгийн эрсдэлийг бууруулах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх сургалтыг 118 удаа зохион байгуулж, үерийн нөлөөллийг тэсвэрлэх чадвартай 733 өрхийн ариун цэврийн байгууламжийг гэрээлэн гүйцэтгэжээ.
2019 оноос хэрэгжиж буй уг төслийн хүрээнд үерээс хамгаалах байгууламжууд барих газруудад инженерийн болон гидрологийн суурь судалгааг хийж сонгосон гэр хороололд үерээс хамгаалахад шаардлагатай байгууламжуудыг барьсан байна.
Үүнд:
СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны хойд хэсэгт 630мм болон 800 мм-ийн голчтой 31 ширхэг үзлэгийн худагтай 1571 м хөрсний ус шүүрүүлэх хоолой ашиглалтад орсон нь тухайн орчны 263 хашааны 480 өрх хөрсний уснаас үүсэх намаг шалбааг халиа тошингоос хамгаалагдсан байна.
Зүүн салааны авто замын засмал зам доогуурх үерийн ус өнгөрүүлэх хоолойн усыг Зүүн салааны гол уруу нийлүүлэх үерийн 800 мм голчтой 446 м төмөр бетон хоолойг газрын гүнээс 2,5 метрт барьж Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын сувагтай холбосноор 18,7 га талбай мөн 282 хашааны 420 өрх үерийн эрсдэлээс хамгаалагдсан.
Баянхошууны 35 дугаар гудамжнаас Мон лаа 1 дүгээр гудамж хүртэл 883,5 метр урттай төмөр бетон хоолойг 2,5 метрийн гүнд суурилуулж Баянхошууны авто замаас орж ирэх борооны усыг Зүүн салааны үерийн хамгаалалтын сувгаар зайлуулдаг болсон нь 210 өрх болон 38 га талбай үерийн эрсдэлээс сэргийлж байна.
СХД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн халиа тошингоос хамгаалах шороон далан суваг нь 108 хашаа нийтийн эзэмшлийн 15,2 га талбайг хамарч байсан хөрсний усыг зайлуулан 300-аад өрх 788 иргэдийн амьдрах орчныг сайжруулжээ.
БЗД-ийн 9, 34-р хорооны нутаг дэвсгэр Ээж хайрхнаас урууддаг жалгууд нь уулынхаа бэл хормойгоос эхлэн үерийн усанд угаагдан эвдэрч Улиастай голтой нийлдэг хэсгийн эрэг нь намсаж задгайран үерлэх үед айлууд усанд автдаг байсан асуудлыг шийдвэрлэлээ.
Энэ суваг нь СЭМҮТ-ийн зүүн талын гүн жалгаас эхлээд 1066 метр үргэлжлэх бөгөөд Улиастайн голд үерийн ус нийлж зайлуулагдах юм. Ингэснээр 113,2 га талбай 424 хашааны 713 өрх үерийн эрсдэлээс хамгаалагдаж байна.
Улиастайн голоос 16-р хэсгийн гэр хорооллын дундуур ус урсаж үерийн сайртай нийлж айлуудыг усанд автуулдаг байсан бөгөөд шороон даланг барьснаар 41,4 га талбай мөн 243 хашааны 516 өрх халиа тошинд өртөхгүй болсон.
Эдгээр бүтээн байгуулалт хийсэн байршлуудад энэ жилийн их бороо, усны үеийн эрсдэлээс сэргийлж чадсанд оршин суугчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн иргэд өөрсдийн оролцоогоо улам бүр нэмэгдүүлэн цаашид амьдрах орчноо сайжруулахад хамтран ажиллахаа хэлж байлаа.