С.Бямбасүрэн Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн дунд хүү. Бөхөд дуртай монголчууд мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн залгамж халааг авга дүү Хошорюү С.Бямбасүрэнг хэрхэн үргэлжлүүлж, цахиур хагалах вэ гэж дэвжээнд зодоглосон цагаас нь хүлээж эхэлсэн. Манай бөхчүүдээс тэрбээр Японы Нагоя хотод энэ сарын 9-23-нд болсон зуны тэмцээнд өнгөтэй барилдаж, хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлэв. Тус башёг 12 даваа, гурван унаатай өндөрлүүлж, Эзэн хааны цомыг анх удаа гардан озэки цолны болзол ч хангалаа. Тэрбээр шийдвэрлэх нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болсон юм.