Монгол Улс, Европын Холбооны хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг цахимаар зохион байгуулжээ. Яриа хэлэлцээг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын Монголыг хариуцсан хэлтсийн дэд дарга Николетта Пустерла нар даргалж, Хууль зүй, дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцсон байна. Өмнөх яриа хэлэлцээнээс хойш гаргасан ахиц дэвшил, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар тэд ярилцжээ. Мөн НҮБ-ын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаа, Хүний эрхийн суурь конвенциудын хорооноос өгсөн зөвлөмж, Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуурын тухай мэдээлэл, санал солилцсон аж.
Олон улсын дэг журам, үзэл бодол, эрх зүй, НҮБ-ын дүрмийн зарчмуудыг хүндэтгэхийн чухлыг энэ үеэр Европын Холбооны зүгээс онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн олон улсын эрх зүйгээр хориглосон бүх үндэслэлээр шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхахын эсрэг цогц хууль тогтоомжийг Монгол Улс батлах шаардлагатай талаар дурдсан байна. Үүнээс гадна Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь бүс нутагтаа үлгэрлэхүйц алхам болсныг сайшаасан гэнэ. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчилснийг онцолж, цаашид бие даасан байдал, үр дүнтэй ажиллах чадавхыг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Бэлтгэсэн: Б.Уран