Ливийн удирдагч агсан Муммар Каддафийн хүү Саади Каддафи хуурамч бичиг баримт ашиглан Мексик рүү дүрвэх гэж байсан тухай Мексикийн дотоод хэргийн сайд Алехандро Пуаре мэдээлжээ. Саади Каддафи энэ хэрэгт дөрвөн хүнийг татан оролцуулсан аж. Тэдний хоёр нь Канад, Дани, нөгөө хоёр нь Мексикийн оршин суугч байсныг илрүүлэн өнгөрсөн сард баривчилсан ч нийтэд одоо мэдээлж байгаа юм байна.
Саади Каддафи гэр бүлийн хамт Мексикийн иргэн болж, орогнол хүсэхдээ өөр хүмүүсийн нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж. Түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 6-нд барьсан ч хэргийг гардан үйлдэж, бүх ажлыг зохицуулсан Канадын иргэн Синтиа Ваниерийг арваннэгдүгээр сарын 10-нд баривчилсан юм байна. Харин хуурамч бичиг баримт үйлдсэн Мексикийн иргэн Габриел давила Хуэрто Окүэтог маргааш нь барьжээ.
Саади Каддафи аавынх нь тогтоосон дэглэм нурах үеэр Нигер рүү дүрвэсэн юм. Харин Кадаффийн нөгөө хүү Сайф Ал Ислам Каддафи Ливийн цөлд болсон байлдааны ажиллагааны үеэр баривчлагджээ.