Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо есөн удаа, нийт 19 асуудал хэлэлцсэнээс, есөн хуулийн төслөөр давхарсан тоогоор нийт 46 хуулийн төслийг хэлэлцсэн шийввэрлэж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, Байнгын хорооны 3 тогтоолын төсөл, Улсын Их Хурлын Даргын гурван захирамжийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2022 оны есдүгээр тогтоолоороо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу соёлын өвийг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалтад сөргөөр нөлөөлж байгаа байгалийн болон нийгмийн хүчин зүйлийг бүсчилсэн байдлаар тодорхойлох, дурсгалт газрын хамгаалалтын нөхцөл байдлыг сайжруулах талаар санал дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг болон дэд хэсгийнхэн 2023 оны хоёрдугаар сарын 3,4,5-ны өдөр Говьсүмбэр аймгийн Чойрын богд уул, Дорноговь аймгийн Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан, Өмнөговь аймгийн Дэмчогийн хийд, Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Шар цавын палеонтологийн дурсгалт газар Дундговь аймгийн Цагаан суварга, Дэл уулын түүх, соёлын дурсгалт газруудад очиж, нөхцөл байдалтай танилцлаа. Тус Ажлын хэсэг Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг 2023 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай албан бичгийг Соёлын яаманд хүргүүлснээр Засгийн газар 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ой тэмдэглэх тухай 212 дугаар тогтоолыг баталжээ.