Завхан Богд, Чигэстэй голыг дахин орон нутгийн нөөцөд авч, зөвшөөрөлгүй, зөрчилтэй бүх газрыг цуцлах чиглэл өглөө. Тус аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Богд, Чигэстэй голын ай сав газарт ажиллав. Богд, Чигэстэй голын ай сав газрын Улиастай хотод харьяалагдах хэсгийг 2017 онд Улиастай сумын ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Энэ шийдвэрийг Засаг дарга Г.Өнөрбаяр маш зөв шийдвэр байсныг онцлов. Харамсалтай нь, энэхүү орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг эзэмшүүлэх, ашиглуулах журам гаргаагүйгээс өнөөдрийн байдлаар 40 байршилд иргэд хашаалж, барилга байгууламж барьсан байна. Үүний 17-д зөвшөөрөл олгожээ.
Тиймээс Засаг дарга Г.Өнөрбаяр хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Сумын ИТХ-ын шийдвэрийг зөрчиж газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох, мөн олгосон бүх газрыг цуцлахаар болов. Түүнчлэн ногооны зориулалтаар газар аваад амралтын газар болгосон, газраа зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн газрыг цуцлахаар боллоо. Цаашид Богд, Чигэстэй голын Улиастай хотод харьяалагдах хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад томсгон авах асуудлыг аймгийн ИТХ-д оруулж шийдвэрлэхээр ярилцав. Учир нь энэхүү ай сав газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөснийг ажил хэрэг болгохоор боллоо.
Энэхүү хэсэгт өмнө нь “Отгонтэнгэр” амралт, аялал жуулчлалын төв байгуулахаар эскиз зураг хийгдсэн байсан ч хэрэгжээгүй. Энэхүү зургийг шинэчилж, зарим өөрчлөлтүүдийг оруулж, техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай батлуулахаар шийдвэрлэлээ. Цаашид Богд, Чигэстэй голыг дагасан амралт зугаалгын төв байлгах, дугуйн замуудыг байгуулах, завхан нутгаас төрсөн алдартнуудын хөшөө дурсгалыг байгуулах, завиар зугаалдаг болгох, хүүхдүүдэд биеийн тамир, түүх, биологи, байгаль орчин гэх мэт хичээлүүдийг орж болдог орчныг бүрдүүлэх, багачууд тоглох, хөгшид амрах, залуус зугаалах таатай орчныг бүрдүүлэх төлөвлөлтийг хийж Улиастайчуудад танилцуулж зөвлөлдөнө гэж Засаг дарга Г.Өнөрбаяр дурдав.