Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит холын зайн гүйлт долоодугаар сарын 19-ний өдөр Цонжин болдог-Налайх дүүрэг-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Сүлдэт багана” цогцолбор гэсэн замналын дагуу зохион байгуулагдлаа. Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Хилчин" спорт хорооны дасгалжуулагч ОУХМ, улсын шүүгч Ж.Даваасүрэнгийн санаачилгаар ХХЕГ-ын Хилийн цэргийн штабаас энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Хилийн цэргийн 0303 дугаар анги, Хилийн цэргийн 0208, 0224 тусгай салбарын бие бүрэлдэхүүн дэмжиж хамтран зохион байгуулжээ.
Хилийн цэргийн 0303 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гүйлтийн зам дагуу үйлчилгээний хоёр цэг гарган тамирчдын эрүүл мэндэд хяналт тавьж, ус, ундаагаар үйлчилсэн бол Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын бие бүрэлдэхүүн урлагаар, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар тамирчдын хувцас хэрэглэлийн жигдрэлтийг хангалаа. Түүхт 90 жилийнхээ ойд эв нэгдлийн спорт, тэсвэр, хатуужлын 50 км-ын гүйлтээр ийнхүү хилчин тамирчид бэлэг барилаа.