Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисс (НОК)-т хандив өгсөн билээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар БНСУ-ын Элчин сайдын яам, байгууллагууд 18, “Ви Эс ойл”, “Лекс ойл” 200, нийслэлийн ИТХ-ын 20 төлөөлөгч нар тав, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая төгрөг хандивласан. Мөн “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6, “Ачит” 100, Төрийн тусгай хамгаалалтын газар хоёр, ЦЭМОБИ ХХК 11, “Ариг” банк 10 сая төгрөгийн хандив өгсөн байна. Үүнээс гадна “Хүдэр-Эрдэнэ” ХХК тав, “Экоконстракшн” 10, иргэн Д.Батмөнх тав, н.Бадамханд 10 сая төгрөг зэргээр нийт 436 401 320 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ.
Түүнчлэн НҮБ 11.9, “Шунхлай групп” ХХК 100 сая, нийслэлийн Биеийн тамир, спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгөв. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импекс”, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг аж ахуйн нэгж, иргэд 113 906 ширхэг бараа материалын тусламж үзүүлсэн юм. Тэрчлэн Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК тэргүүтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэд, лам нар нийт 28 000 ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин иргэд 100 хонь хандивласан.
Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10 645 545 төгрөг, шатахууны талоноос 85 400 000 төгрөг, бараа материалаас 61 656 ширхгийг зарцуулжээ. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.