Жишээ-1: “Jet sharing Mongolia” компанийн ажилчид нэгэн иргэний гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайд алдсан гэх скүүтэрээ аваад гарч буй дүрс бичлэгээ “Jet scooter Mongolia” хуудсаараа дамжуулан энэ сарын 15- нд нийгмийн сүлжээнд цацлаа.
Жишээ-2: Нэгэн дуучин залуу автомашин ачилтын компанийн ажилтантай зүй бусаар харьцаж, бухимдаж буйгаа илэрхийлсэн бичлэгээ 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд цахим сүлжээнд оруулав.
Жишээ-3: Твиттерийн нэгэн хэрэглэгч хэсэг бүлэг иргэний зургийг зөвшөөрөлгүй авч “Саппорогийн архичид гэнэ. Тэднийг төмөр зам барих ажилд хэдэн сар дайчлаасай” гэх тайлбартайгаар энэ сарын 15-нд нийтэллээ.
Жишээ-4: Олны танил, инфлүүнсэр бүсгүй өөрийнх нь асуултад гүйцэд хариулсангүй хэмээн нэгэн дэлгүүрийн худалдааны ажилтныг буруутгаж, элдвээр хэлж байгаагаа лайваар харуулав.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэх үг орчин цагт бүгдээрээ хэлэлцвэл буруутай болж хувирчээ. Олон нийтийн сүлжээнд оруулж буй мэдээ, мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, бусдыг “ялладаг” гэмтнүүдийн орон зай улам тэлсээр байна. Нийгмийн сүлжээн дэх аливаа мэдээллийг хүн юуны түрүүнд таалах болон эс таалах нүдээр харж, хүлээж авдаг гэдгийг санууштай. Мөн хүн төрөхөөсөө л өөнтөгч, хэрэгт дурлагч, хошуурагч зан чанартай байдаг.
Сошиал хэрэглээ орчин цагт хүний энэхүү чанарыг улам “өрдөж”, улмаар хэн нэгний эрх, орон зайд хайр найргүй халдах болсныг зайлшгүй “хазаарлах” шаардлагатай болжээ. Цахим орчинд “амьдардаг” хүмүүс нийгмийн сүлжээг хэн нэгний хувийн орон зайд халдах, эрхийг нь бүдүүлгээр зөрчих “дархан эрх”, хувийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл гэж харах болсонд гол асуудал байна. Эцэстээ тэд бусдын орон байрт хүртэл халддаг боллоо. Үүнийг нотлох хамгийн сүүлийн жишээ нь “Jet sharing Mongolia” компанийн ажилтнууд байлаа.
Тус компанийн ажилтан хулгайд алдсан гэх хэрэгслээ авахаар айлд очихдоо бичлэг хийсэн нь олныг талцуулав. Нэг хэсэг нь “Хүний орон байрны халдашгүй байдлыг ноцтой зөрчлөө” гэж тэднийхийг буруутгаж буй бол зарим нь “Хулгайтай хулгайн аргаар л тэмцэх хэрэгтэй” хэмээн эсрэгцүүлж байгаа юм. Аль нь ч байсан угтаа бол энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хуульд ч үүнийг тодорхой тусгачихсан байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байдаг бол 13.8-д “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заажээ. Хууль ёсны дагуу бол скүүтэр түрээсийн үйлчилгээ үзүүлэгч компанийнханд айлд зөвшөөрөлгүй орж дүрс бичлэг хийснийх нь төлөө хариуцлага хүлээлгэх ёстой юм байна.
“Jet sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Дашням уг асуудлын дараа “Би компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй ч юу өрнөдөг талаар хангалттай мэднэ. Энэ ажлыг их амархан гэж андуурдаг. Хэрэв тийм байсан бол захын “баачка” ийм бизнес хийнэ. Скүүтэрийн хулгайтай өдөр бүр тэмцэж буй манай залуучуудад ямар ч буруу байхгүй. “Jet scooter Mongolia” бол манай компанийн албан ёсны хуудас биш. Учир нь скүүтэр түрээсийн компанид ямар нэгэн маркетинг, зар сурталчилгаа хэрэггүй гэж боддог юм. Үйлчилгээтэй холбоотой бүх мэдээлэл аппликэйшнд бий. Скүүтэрийг нийтээрээ ашиглаж сурч байгаа нь сайхан байна” гэсэн нь өөрсдийнхөө бурууг хаацайлсан, тохуурхал гэмээр тайлбар байв. Аливаа бизнес эрхлэгч үйлчилгээгээ нутагшуулахдаа хэрэглэгч, үйлчлүүлэгчээ сургаж, “бэлтгэж” байдаг. Тиймээс аливаа бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлэхээсээ урьтаж учирч болох эрсдэлүүдээ нарийн тооцоолж, талуудын харилцааг зохицуулах нийтлэг дүрмээ гаргах зайлшгүй шаардлагатай. Гэтэл шинэ үйлчилгээ, соёл нутагшуулахыг эрмэлзэж буй гэх эл компанийнхан энэ бүхнийг тооцоолоогүй бололтой. Тэд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа үйлчлүүлэгчдээ буруутгасан, эрхэд нь халдсан, “ялархсан” өнгө аястай маркетинг хийж байгаа нь бизнесийн ёс зүйд нийцэхгүй, бүдүүлэг явдал хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж буй юм.
Удаах жишээ болох машин ачилтынхны хувьд жилийн жилд л ярвигтай хэл амд ороогддог. Хоёр жил гаруйн өмнө болсон дээрх жишээг эргэн сануулбал, дуучин залуу өөрийнх нь машиныг ачсан ажилтныг “Залуу хүн байж хөгийн ажил хийхээ болиоч” хэмээн доромжилж, түүний царай төрхийг ил гаргасан бичлэг хийн олон нийтийн сүлжээнд тавьсан юм. Гэтэл энэ нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл дэх “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу арга хэмжээ авах ёстой үйлдэл байжээ. Тэрбээр уг үйл явдлын дараа цахим хуудсаараа дамжуулан тухайн ажилтнаас уучлал хүссэн. Гэхдээ түүний энэ үйлдэл машин ачигч залууд учирсан хохирлыг арилгахад хангалтгүй байв.
13.8 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эрүүгийн хууль
Хэн нэгний зургийг зөвшөөрөлгүй авчихаад тийм тайлбартайгаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь ч хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тиймээс хууль, эрх зүй, хүний эрхийн талаар мэдлэг, ойлголттой хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандсан юм. Архичин, алуурчин, ер хэн байхаас үл шалтгаалан хүн бүхэнд халдашгүй эрх, хувийн орон зай, нэр төр байдгийг санууштай. Хүний нэр төр бол яг ус шиг. Түүнд нэг л дусал бэх дусаавал эргээд хэзээ ч тунгалаг болохгүйтэй адил зүйл.
Дээр дурдсан жишээнүүд бол нийгмийн сүлжээнд өдөр тутам өрнөдөг дуулиант үйл явдлуудын өчүүхэн хэсэг нь. Гар утас, интернэт бол бидний хэрэглээ болон амьдралыг хөнгөвчлөх зорилгоор бүтээгдсэн зүйл гэдгийг санацгаая. Гэтэл хүмүүс үүнийг ер ухамсарлалгүйгээр уур маналзах, жигшил төрөх төдийд нэгнээ “мадлах”, гутаах арга болгон ашиглаж, хүний эрх, хувийн орон зай, халдашгүй байдалд бүдүүлгээр халдаж байгаа нь харамсалтай. Бид хүний эрхийн мэдрэмжтэй байж гэмээнэ хөгжил дэвшил ярих учиртай сан.
Бэлтгэсэн: Д.Хүслэн