Асгарах нь уу гэлтэй тэнгэрт түгсэн түмэн одыг хараад “Амьдралдаа ийм гайхалтай зүйлийг хэзээ ч үзэж байсангүй” хэмээн шагшрах жуулчид бол БНСУ-ын сэтгүүлчид юм.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны 12 гишүүн манай улсад ирж, сумын наадам үзлээ. Тэд “Онгоцны буудалд газардаад л уудам тал, цэнхэр тэнгэр харагдахад сэтгэл уужирч, эрх чөлөөг мэдэрсэн” гэлээ. Учир нь тус улсад хотжилтын улмаас тэнгэр, үүл, уул хэзээ ч ийм тэнэгэр, тод харагддаггүй гэнэ. Энд аялж буй хамгийн залуу сэтгүүлч Гон Жи Ён “Монголын өргөн уудам газар нутагт ирээд миний холын хараа сайжирч байна” хэмээсэн.
Тэд энэ сарын 16-нд Элсэн тасархай руу явсан бөгөөд 280 орчим км газрыг 2-3 цагийн хугацаанд туулсанд нэлээд гайхлаа. Учир нь тэд ийм хэмжээний замыг хурдны галт тэргээр 20 минутын дотор туулдаг шүү дээ.
Гэхдээ энэ жил Монголд ихэнх нутгаар зуншлага сайхан болсон тул ногоон тал, гол, мөрөн, үүлс тэднийг аян замд нь уйдаасангүй. Бид Эмээлтийн товчоо дөнгөж өнгөрөөд, хаашаа явахаа тайлбарлах гэж 10 минут түр зогсох зуурт бүгд уул толгод, тааваараа бэлчих хонин сүргийг хараад уулга алдаж, зураг авч байв. “Энэ зөвхөн эхлэл, бид илүү үзэсгэлэнтэй газарт очно” гэхэд “Үнэн гэж үү, гайхалтай” хэмээн баяр хөөр болов. Нүүдэлчин соёлтой монголчуудын мал сүрэг хэдэн зуугаараа энд тэнд бэлчиж явах нь тэдний нүдэнд их л содон туссан бололтой. Тэр дундаа мал сүрэг харж, харгалзах эзэнгүй явж буй нь их л сонин санагдсан гэнэ. Адуу, хонь, үхэр сүргийг харсан тэд шагшран магтсаар, элсэн тасархайд хүрлээ.
Талын дунд тасарсан элс, торойн харагдах мод, тогтоол ус эх орныг минь илүү үзэсгэлэнтэй харагдуулна.
Солонгос сэтгүүлчдэд замчилж яваа монголчууд “Шөнө битгий үүл гараасай” хэмээн замдаа “залбирч” байлаа. Учир нь солонгосчуудын Монголд ирдэг хамгийн том шалтгаан бол шөнийн тэнгэрийн оддыг харах юм. Ялангуяа хөдөө нутагт сүүн зам, долоон бурхан тэргүүтэй түмэн од хэний ч сэтгэлийг булаахаар үзэсгэлэнтэй харагддаг ажээ. Хүсэн хүлээсэн шөнө болоход санасан ёсоор тэнгэрт торойх ганц ч үүл гарсангүй. 00.00 цагт жуулчид амралтын газрын төв талбайд цуглаж, од харах үед солонгосчуудын баярлаж, догдолж, гайхсан сэтгэл хөдлөл нь үгээр хэлэхийн аргагүй сайхан байв. 9000 ажилчинтай KBS телевизийн нэвтрүүлэгч Ян Ён Ин “Ийм гайхалтай тэнгэрийг зөвхөн Монголоос л харж байна” хэмээсэн. Солонгос сэтгүүлчдийн зарим нь бүр од хараад уйлж байлаа.
Байгалийн сайхныг мэдэрсэн жуулчдын нүүрэнд мишээл тодорч, эрч хүч, инээд хөөртэйгөөр маргааш өглөө нь Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойн наадмыг зорилоо. Тус сумын цэнгэлдэх хүрээлэнг тойроод хоол, ахуйн хэрэглээний бараа борлуулж, сугалаа явуулах зэрэг үйлчилгээний хэсэг гаргасан байв. 100 жилийн ой нь тохиож буй учир энэ жил сумын наадам илүү өргөн цар хүрээтэй болсон бөгөөд гадаадын жуулчин цөөнгүй харагдсан. Өмнөх өдөр нь бороо ороогүй тул наадмын талбай автомашины хөлд дарагдаж, шороо босжээ. Энэ нь бидний хувьд байдаг л зүйл. Харин солонгосчуудын хувьд цаг хугацаагаар аялсан мэт мэдрэмж төрүүлжээ. Учир нь “Солонгосчууд уламжлалт баяраа тэмдэглэдэг ч монголчууд шиг эртний хэв маягаа хадгалж үлдээгүй” гэдгийг тэд хэлсэн.
Наадмын талбай руу очиход энэ жилийн улсын баяр наадамд түрүүлсэн, шинэхэн арслан М.Бадарчтай таарав. Сумын наадамд оролцож буй бөхчүүдийг солонгосчууд “Ямар том биетэй, хүчтэй юм бэ” хэмээн гайхан шагширч байлаа. Тэд шүдлэн насны хурдан морины уралдааныг гараанаас бариа хүртэл дагахдаа яг л монголчууд шиг огшиж, уйлж үзэв.
CJB телевизийн сэтгүүлч Ли Юн Ён “4-5-хан настай бяцхан хүүхэд морь унаж уралдана гэдэг үнэхээр гайхалтай. Хурдан морины уралдааныг үзээд бид бол адилхан хөх толботой төрдөг, үнэхээр ахан дүүс юм байна гэдгийг ойлгосон. Өвөг дээдсийнхээ нутагт ирж агуу, гайхалтай зүйлсийг мэдэрлээ” хэмээв.
Нүүдлийн соёлоо хадгалан үлдсэн монгол ахуй, монгол наадам маш их таалагдсаныг солонгосчууд ийнхүү илэрхийлж байлаа. БНХАУ, Солонгос зэрэг оронд салхи салхилж, бороо орсон ч саунд байна уу гэлтэй бүгчим халуун, чийглэг агаартай болдог. Тэд байгалиа аварч хамгаалахын төлөө хичээж, мод, бут тарьж, хотоо ногооруулсан байдаг. Гэсэн ч тэдгээр нь Монголын хөрсөнд ургасан шиг шим тэжээлтэй, анхилам үнэртэй байдаггүй гэнэ. Бас Монголын талын салхи энхрийлж буй мэт сэвэлзүүр байгааг солонгосчууд хэлсэн. Тийм ч учраас эх орны минь байгаль, ахуй соёлыг үзсэн солонгосчууд баярын нулимс дүүрэн буцсан биз ээ.
Гурван өдөр, хоёр шөнө үргэлжилсэн эл аяллын үеэр тэд Монголын байгалийг л шагшран магтаж, ихэд баярласан. Харин аялагчдыг хүлээн авсан орчин нөхцөл, үйлчилгээ, хүмүүсийн харилцааны талаар нэг ч үг цухуйлгасангүй. Тэднээс “Монголын хөгжил, үйлчилгээ хэр санагдаж байна вэ” гэж асуухад нэг нь ч муу хэлээгүй. Гэхдээ сайнаар ч ярьсангүй. “Бид Монгол Улсыг байгаагаар нь хүлээж авна гэх сэтгэлийн бэлтгэлтэй ирсэн учир ямар ч асуудал байхгүй ээ” гэж байлаа.
Буурай хөгжилтэй орны минь аялал жуулчлалын салбарыг байгаль эх л тийнхүү аварсан юм.
Үйлчилгээний байгууллагын хувьд гадаадын байтугай дотоодын иргэд ч хараад гайхахаар, сэтгэл дундуур буцахаар хандлага хаа сайгүй л ажиглагдлаа. Ажилтнуудыг нь хүчээр чирч аваачаад зогсоосон мэт хүнд сурталтай, сэтгэлгүй хандлага одоо хүртэл гарсаар. Элсэн тасархайд тэмээ түрээслүүлж буй иргэд хараалын үгсийг бие бие рүүгээ замбараагүй “шидэж”, “Чиний ээлж, миний ээлж” хэмээн чанга чанга хашхирахад гайхсан жуулчид “Юу болоод байна аа, бид ямар нэг буруу зүйл хийсэн үү” гэж асуух жишээтэй. Сумын төвийн цайны газар битгий хэл, хотын төвийн ресторанууд ч халбага, сэрээгээ дутуу угаадаг, үйлчилгээний байгууллагын соёлд огт суралцаагүй, эелдэг харилцаа гэх ойлголт байхгүй. Жуулчид хүлээн авч буй зочид буудлууд ч ор, дэрний даавуугаа дутуу угаасан байв. Энэ мэт асуудалтай солонгос сэтгүүлчид нэг бус удаа таараад буцсан. Гэсэн ч тэд “Бид Монголд хайртай, гайхалтай үзэсгэлэнтэй орон” хэмээн сайшаан магтаж байлаа. Уг нь цэнгэг агаар, цэвэр ус, уудам талтай монголчууд минь соёлгүй харилцаагаа өөрчлөөд, цэвэрхэн аяга, тавгаар үйлчилдэг болчихвол манай улс аялал жуулчлал хэмээх шавхагдашгүй “алтны” уурхайтай болох бүрэн боломжтой билээ.