Олон нийтийн сүлжээнд “ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньцинтэй уулзах үеэрээ Монгол Улс дахь барууны нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан” гэсэн мэдээлэл гарах болсон. УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв үүнд “ОХУ, БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудын хоорондоо ярьсан гэх асуудлын талаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй, ирэх ч ёсгүй. Харин Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын прокурорын байгууллагууд байгаль орчныг хамгаалах, авилгатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж байгаа. Манай УЕПГ-т ОХУ-ын ерөнхий прокурорын газраас байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай албан бичгийг ирүүлсэн.
Үүнээс өөр ОХУ-ын талаас Монгол Улсын прокурорын байгууллагад ямар нэг санамж бичиг, хэлэлцээр байгуулах талаар төсөл, албан бичиг ирээгүй. Монгол Улсын прокурорын байгууллага нь гадаад улсын прокурор, олон улсын байгууллагатай зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, өөрөөр хэлбэл, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шалгах, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах, шилжүүлэх асуудлаар хамтран ажиллах, туршлага солилцох, прокурорыг мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр санамж бичиг, хэлэлцээр байгуулж ирсэн. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын ерөнхий прокурор И.В.Красновын урилгаар тус улсын прокурорын байгууллагын 300 жилийн ойн арга хэмжээнд оролцсон зургийг тавьж ийм мэдээлэл цацаж байна. Ер нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан албан бус мэдээллийг өөрийн орны төрийн байгууллагатай холбож, үйл ажиллагаанд нь нялзаах хандлага туйлын зохимжгүй гэдгийг энэ ташрамд хэлье. Олон нийтийг төөрөгдүүлсэн, эргэлзүүлсэн худал мэдээллийг нийтэд түгээх, тараах нь хууль бус үйлдэл” гэсэн тайлбар өгөв.