Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Үндэсний Диет буюу парламентын үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах болон эрх зүйн дүн шинжилгээ, парламентын судалгаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар Япон Улсад ажиллаж байна. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын бүрэлдэхүүн өргөжиж, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэх 126 гишүүнтэй ажиллах болсонтой холбогдуулан олон гишүүн бүхий парламентуудын үйл ажиллагааны онцлог, туршлага, парламентат ёсны хөгжлийг хангах ажлын шинэ чиг хандлагыг судлах, нэвтрүүлэхэд Тамгын газар анхаарал хандуулж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Окада Норихарү-тай уулзжээ. Ноён Окада Норихарү 2019 оноос тус албан ажлыг эрхэлж байгаа бөгөөд өмнө нь Төлөөлөгчдийн танхимын Тамгын газарт судлаач, ажилтнаас эхлэн хэлтэс, газрын дэд дарга, даргын алба хашиж байсан юм.
Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монголын парламентын өмнө тулгарч буй сорилтууд болон бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэлтийн талаар танилцуулж, хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр, парламентат ёсны тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх талаар явуулж буй үйл ажиллагааг танилцуулж, Японы Парламентын музей, Парламентын боловсрол хөтөлбөр (Parliamentary StudyProgram)-тэй танилцах завшаан тохиолдож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Окада Норихарү уулзалтад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, Монгол, Японы парламент болон төрийн өндөр хэмжээний харилцан айлчлалууд, тэдгээрийн ач холбогдол, үр дүнгийн талаар дурдаад, тус танхим болон Тамгын газрын талаар танилцуулав. Японы парламентын Төлөөлөгчдийн танхим 465 гишүүнтэй бөгөөд гишүүд дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогдож ажилладаг байна. Цаашид хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга нар харилцан тэмдэглээд, парламентат ёсны хөгжил, Тамгын газруудын туршлага, ур чадварыг харилцан солилцох, мэргэжилтнүүдийн дадлагажуулах, тус тусын болон бусад улсын туршлагыг судлахад хамтран ажиллахаар ярилцлаа.
Эх сурвалж: УИХ-ын ОНХМХГ