Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д хүчтэй аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, зургаан хүн ор сураггүй алга болсон. Одоогийн байдлаар нийт 16514 хүнийг түр нүүлгэн шилжүүлсний 7843 нь хоргодох байранд байна хэмээн тус улсын Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабаас мэдээлжээ. Мөн аадар бороонд 1043 төрийн байгууллага, 948 иргэний өмч эвдэрч сүйдсэн бөгөөд хохирол нь Өмнөд Чунчон мужид төвлөрсөн байна. Түүнчлэн 332 байшин усанд автсан гэж албаныхан мэдээлэв.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл борооны улмаас ихээхэн хохирол амссан 13 бүсийг онцгой гамшгийн бүс болгож, сэргээн босголтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хохирогчдод үзүүлэх тусламжийн сан болон бусад хөнгөлөлтөд хамрагдах боломж олгожээ.
Гамшгийн онцгой бүсэд хамаарах орон нутгийн засаг захиргаа, дүүргийн албад нь Засгийн газраас тусгай тэтгэмж, тэр дундаа сэргээн босголтын ажилд зарцуулагдах тусгай санхүүжилтийг авдаг. Мөн тус бүсийн оршин суугчид тодорхой хэмжээний татвараас чөлөөлж, нийтийн үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт эдлэх юм.
Тус улсад гамшгийн онцгой бүс тогтоох стандарт байдаг. Хот, муж, дүүргийн хувьд хохирол 5-11 тэрбум вон, жижиг дүүргүүдийн хувьд 500 сая воноос 1.1 тэрбум воны хохирлыг барагдуулах шаардлага гарч буй.
Ташрамд дурдахад, БНСУ 2022 онд үер усны аюул нүүрлэхэд Сөүл хотын захиргаанаас подволь, зоорийн давхарт айл амьдруулахгүй байхыг хуулиар зохицуулах болсон. 2020 оны байдлаар Сөүл хотын нийт өрхийн 5 хувь буюу 200,000 орчим өрх нь подвальд амьдардаг гэсэн судалгаа гаргажээ.
Эх сурвалж: MKOR - Солонгос хөтөч