Монгол Улсын Хил хамгаалах байгууллага түүхт 90 жилийн ойгоо Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Уг баярын арга хэмжээнд эх орныхоо хил хязгаарыг хоногийн 24 цагийн турш нүд цавчилгүй хамгаалсаар ирсэн 2000 гаруй хилчин дайчид баярын ёслолын жагсаал толилуулахаас гадна, хил хамгаалалтад ашигладаг техник хэрэгслийн жагсаалыг сонирхуулна.
Монгол улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж хилийн отряд, комендатуруудыг байгуулж эхэлжээ. 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөт хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм.
Хилийн цэргийн туулж өнгөрүүлсэн дайчин замнал нь Монголын ард түмний тусгаар тогтнолд халдан довтолсон харийнхны өнгөлзлөгийг цаг тухайд нь илрүүлэн зогсоож, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалсан мятаршгүй эх оронч хилчдийн тэмцэл, ялалтын түүх юм.
1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ.