БОАЖЯ-ны Салбарын ерөнхий байцаагчийн баталсан 01/22 тоот удирдамжийн хүрээнд Хэнтий аймгийн ойн мэргэжлийн байгууллагууд болон мод модон материалын худалдаалалт эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 21 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна.
Хэнтий аймаг ойн сан бүхий 16 сумтай, ойн сангийн талбай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 21.7 %–ийг эзэлж байна. Ойгоор бүрхэгдсэн нийт талбайн хэмжээ нь 1175992 га-г эзэлдэг. Нийт ойн талбайн 60 хувийг тусгай хамгаалалтад авсан.
“Ой ашиглалтын мэргэжлийн байгууллагын мод бэлтгэлийн үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-аар 14 объектын үйл ажиллагааг үнэлэхэд 3 буюу 21 хувь нь их, 9 буюу 65 хувь дунд, 2 буюу 14 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Эрсдэлийн дундаж түвшин 45.94 хувь буюу дунд эрсдэлтэй байна.
“Мод модон материалын худалдаалалтыг шалгах хяналтын хуудас”–аар шалгалт хийхэд 12 объектын үйл ажиллагааг үнэлэхэд 5 буюу 42 хувь дунд, 7 буюу 58 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэлийн түвшин дунджаар 23.9 хувь бага эрсдэлтэй гарлаа.
Хяналт шалгалтын явцад Ойн тухай хууль, “Ойгоос мод бэлтгэх журам”, “Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам”-ыг зөрчсөн дараах зөрчлүүдэд холбогдох арга хэмжээг авлаа.
Үүнд;
Түүвэрлэн огтлолт /цэвэрлэгээний/-ын үед унагах модонд урьдчилан тэмдэг тавиагүй, мод унагах чиглэл нь цагаалах замын чиглэлтэй өнцөг үүсгэж байхаар чиглүүлж унагадаггүй, хөрөөчин нь мэргэжлийн бус, унагасан модыг гишүү, мөчрөөс бусад үлдэц үлдээхгүйгээр цагаалах ба гишүү мөчрийг технологийн картад заасан аргаар цэвэрлэдэггүй, үлдсэн мод болон өсвөр модыг хамгаалах арга хэмжээ авдаггүй;
Мод бэлтгэх технологийн боловсруулан батлуулсан картыг ойн ангийн инженерээр хянуулдаггүй, дээд агуулахад цагаалагдаж ирсэн модыг сортментлэн ангилж хураах, дундын цагаалгын зам талбайг стандартын дагуу байгуулдаггүй;
Ойжуулахад шаардагдах тарьц суулгацын нөөцгүй, ойг хамгаалах нөхөн сэргээх үржүүлэх арга хэмжээний зардлыг төсөвтөө тусгаагүй;
Мод модон материалын захын үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтгүй;
Төслийн үйл ажиллагаа өөрчлөгдөж, шинээр тоног төхөөрөмж, барилга байгууламж нэмэгдсэн байхад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийлгээгүй зэрэг болно.
Дадал, Баян-Адарга, Биндэр сумын нутагт байгалийн сэргэн ургалт маш сайн явагдаж зулзаган модод их ургаж байгаа боловч модны чанар, таваарлаг байдалд анхаарах шаардлагатай байна.