Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Улмаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ. Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг төсөвтөө тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгав.
2021 онд баталсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1-т“Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Ингэж эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хүртэл нийслэлийн үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд, УИХ-ын нэр бүхий гишүүн, сайд нарын зүгээс үнэт цаас арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрдүүлэх шаардлагатайг хэлж ирсэн гэхэд болно. Сануулбал, дээрх заалтыг үндэслэн өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлаад байв. Харин одоо нийслэлийн зүгээс үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох юм.
Бэлтгэсэн: Б.Уран