Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг батлав. Хэрэгжилтийг нь Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолынхтой хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Х.Болорчулуунд даалгалаа.
Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, шийдвэрлүүлэхийг Шадар сайдад үүрэг болгожээ. Түүнчлэн цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, аюултай, гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад шуурхай хүргэх, говийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасан байна. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж, зам, даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болгов.
Бэлтгэсэн: У.Наран