Иран Ормузын хоолойд газрын тос ачсан АНУ-ын хөлөг онгоцуудыг барьцаалахыг оролцдсон учир Вашингтон Персийн булан руу АНУ F-16 сөнөөгч онгоцуудаа илгээж байна. Энэ тухай CNN мэдээлэв.
Долоо хоногийн өмнө Ормузын хоолойд Ираны хөлөг онгоц АНУ-ын нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц руу гал нээж барьцаалах гэж оролджээ. Энэ оролдлого Америкийн нисэх хүчний пуужинтай онгоц хэргийн газар ирсний дараа л зогсож Ираны онгоцууд буцсан байна.
“Ираны Тэнгисийн цэргийн хүчин олон улсын усан хилээр хууль ёсны дагуу явж байсан манай улсын арилжааны хөлөг онгоцуудыг булаахыг оролдсон” гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флотын хэвлэлийн төлөөлөгч Тим Хокинс мэдэгджээ.
АНУ-ын F-16 сөнөөгч онгоцууд нь чухал усан замаар зорчиж буй хөлөг онгоцуудыг агаараас хамгаалж, Ираны талаас гаргах ижил төстэй үйлдлүүдийг зогсоохын тулд бүс нутаг дахь АНУ-ын армийн харах байдлыг нэмэгдүүлэх болно гэж тэмдэглэжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр, Иран сүүлийн хоёр жилийн хугацаанд дор хаяж таван худалдааны хөлөг онгоцыг булаан авч, арав гаруй хөлөг онгоцыг барьцаалах гэж оролдсон байна. Бүх түүхий нефтийн 20% нь дамждаг Персийн булангийн нарийхан ам болох Ормузын хоолой болон түүний эргэн тойронд олон иймэрхүү хэргүүд гарчээ.
Исламын Бүгд Найрамдах Улсын Тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолой орчмын олон улсын усан хилд АНУ-ын хөлөг онгоц руу гал нээж булаан авах гэсэн тухай Пентагоны мэдээллийг Ираны Батлан хамгаалах яам няцаалаа. Энэ тухай лхагва гарагт Ираны төрийн IRNA агентлаг тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Ираны тал энэ үйл явдлын талаар албан ёсны тайлбар хийгээгүй ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар АНУ-ын дээрх алхам стратегийн чухал бүс нутагт цэргийн хүчээ бүрдүүлэх арга гэж үзэж байгаа аж.