Парламентад хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо бүрддэг. Тэгвэл тус дэд хорооны бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллийг заавал байлгах агуулгатай өөрчлөлтийг УИХ-ын тухай хуульд тусгахаар гишүүн Ц.Мөнх-Оргил төсөл санаачилжээ. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн бөгөөд Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар бүрэлдэхүүнд нь багтдаг. Өөрөөр хэлбэл, өдгөө олонхын бүлгийн гишүүд тус дэд хороог бүрдүүлж байна. Иймд цөөнхийн төлөөллөөс сонгогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах, эсэхийг нэг намын гишүүд дангаараа хэлэлцэх тохиолдолд гаргасан шийдвэр нь хараат бус, бодитой байж чадах уу гэсэн эргэлзээ үүсгэж байна хэмээн үзсэн учраас дээрх төслийг боловсруулжээ.
Мөн УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор парламентад уламжилснаас бусад тохиолдолд албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог. УИХ-ын тухай хуулийн 9.8-д заасан эл заалтад хамаарах асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо судлан шийдвэрлэх зохицуулалт одоогийн хуульд байхгүй гэж үзэн, энэ талаар төсөлдөө бас тусгасан байна.