Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагчид хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэн амжилттай өгч, улмаар Дотоод хэргийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуульд тус тус элсэн орлоо.
Баяр наадмын өмнөхөн тэд Улаанбаатар хотыг зорин бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн шалгалтуудыг өгч мотобуудлагын ротын IV салааны ахлах байлдагч Б.Лхагвадорж Дотоод хэргийн их сургуулийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, III салааны ахлах байлдагч Э.Жамъянсүрэн Батлан хамгаалахын их сургуулийн “Кибер аюулгүй байдал”-ын ангид суралцах эрхийн бичгээ гардан аваад ирсэн юм.
Ахлах байлдагч Б.Лхагвадорж, Э.Жамъянсүрэнтэй ярилцахад “Бид хоёрыг ангийн захирагч, ротын удирдлагууд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх бүрэн бололцоогоор хангаж өгсөн. Тийм ч учраас бид хоёр шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа тэнцээд ирлээ. Их сургуульд элсэх бүх нөхцөл, боломжоор хангаж, тусалж дэмжсэн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлага, ротын захирагч, ротын хамт олон болон ангийн бие бүрэлдэхүүндээ баярлаж талархсанаа илэрхийлье” гээд мөрдэс нэгт дайчдадаа амжилт хүсч, хугацаат цэргийн алба нь боломжоор дүүрэн байдгийг онцоллоо.