Үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий Газараас өнөөдөр өглөө.
Энэ үеэр орон нутагт тохиолдсон үер усны ослын мэдээллийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл танилцуулав.
Тэрбээр "Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт 11 аймгийн 22 суманд 37 удаагийн үер усны дуудлага ирсэн. Тус дуудлагаар найман аймаг, нийслэлд нийт есөн хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн дөрвөн суманд таван хүнийг уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт 2,300 гаруй бог мал усанд урсаж хорогдсон гэх мэдээлэл ОБЕГ-т ирсэн байна. Дээрх бог малуудын сэг зэмийг устгах ажлыг харьяа байгууллагуудтай хамтран явуулж байгаа.
Мөн Дархан-Уул аймгийн тахианы аж ахуй эрхэлдэг газрын 1,500 орчим тахиа үерийн усанд хорогдсон гэх мэдээлэл ирсэн" гэв.