Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хаахаас урьтан батлав. Ингэснээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг УИХ-ын Тамгын газарт шилжүүлэхээр болж байна. Өнгөрсөн тавдугаар сард Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоолыг УИХ баталж, дээрх хүрээлэнг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд нэгтгэн зохион байгуулж, УИХ-ын дэргэд ажиллуулахаар шийдвэрлээд байв.
Хууль, тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ, хууль зүйн судалгаа хийх чадавхыг сайжруулах, парламентын судалгааны албыг өргөтгөн зохион байгуулах зорилгоор үүнийг хийж байгаа гэх ч 2024 онд сонгох 126 гишүүнийг Төрийн ордонд багтаахын тулд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг “булаасан” гэхэд болно. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлж, Төрийн ордны барилга байгууламж, нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны танхим, өрөө тасалгааны зохион байгуулалтыг өөрчлөх “даалгавар”-ын дагуу тус барилгыг УИХ-ын Тамгын газарт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-ний дотор хийх ёстой юм билээ. Үүнийг хариуцсан ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, зарим байнгын хорооны дарга, сайд, холбогдох байгууллагын удирдлагыг бүрэлдэхүүнд нь багтаажээ.
Төрийн ордны тухай хуулийн 6.1-т “Төрийн ордны дотоод зохион байгуулалт, өрөө, тасалгааны хуваарилалтыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай санал солилцсоны үндсэн дээр УИХ-ын дэд дарга ажлын байрны жишиг шаардлагад нийцүүлэн тогтооно” хэмээн заасан байдаг.
Үүнээс гадна ирэх намрын чуулганаар Төрийн ордны тухай хуулийг өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Монгол Улсын төрийн эрх барих болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгч байнга байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгыг Төрийн ордон гэж нэрлэхээр тус хуульд зааж, нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг УИХ тогтоохоор хуульчилсан байдаг. Ийнхүү түшээдийг төвхнүүлэх, өрөө тасалгааг нь бэлтгэх их ажил хэдийн эхэлжээ.
ҮАБЗ-ИЙГ ИХ ТЭНГЭРИЙН АМАНД АВААЧИХ ГЭНЭ
УИХ-ын гишүүдийн тоог 50-иар нэмэгдүүлэхтэй холбоотойгоор өдгөө хөл хөдөлгөөн болж буй ч Төрийн ордонд ажилладаг хүмүүс нь багталцахгүй, барилгынх нь аюулгүй байдал алдагдаж байгааг нэлээд олон жилийн өмнөөс ярьж ирсэн юм. Тодруулбал, Төрийн ордны барилгыг 1947 онд барьж эхэлж, 1951 онд ашиглалтад оруулсан гэдэг. Ингээд 1961, 1981, 2008 онд нэмж өргөтгөсөөр өнөөгийн дүр төрхийг олоод буй. Хамгийн анх буюу 1951, 1961 онд ашиглалтад оруулсан хэсгүүд нь газар хөдлөлтөд тэсвэргүй тул буулгаж, шинээр барих шаардлагатай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаад удаж байна. Гэсэн ч үүнд багагүй хөрөнгө шаардлагатай тул эхний ээлжид Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг тараан байрлуулах талаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд ярьсаар олон оныг үдэв.
Нөгөө талаас УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь нэг дор ажиллах нь үндэсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй. Олон улсын жишгээр ч үүнийг зохисгүй гэж үздэг бөгөөд засаглал хоорондын хяналт, тэнцэл алдагдахад нөлөөлөх хүчин зүйл болж болзошгүй гэдэг. Үнэхээр ч УИХ-ын гишүүд нь олноороо Засгийн газрын танхимд ажиллан, холилдож байгаа нөхцөлд үүнийг бодож үзэхэд гэмгүй. Энэ мэт шалтгаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ҮАБЗ-ийг Их тэнгэрийн аманд шилжүүлэх санал гаргаж байжээ. Энэ удаа зөвхөн ҮАБЗ-ийг тус ам руу шилжүүлэх сурагтай. Иймд тэндхийн барилгуудад их засвар хийж буй гэнэ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Төрийн тэргүүний өвлийн өргөө (Маршалын харш, 30 дугаар байр гэгддэг)-нд төвхнүүлэх хувилбар ч яригдаж байгаа аж.
Ташрамд дурдахад, 2025 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Хархорин руу нүүлгэх тухай ч мэр сэр ярьж буй. Гэвч шинэ нийслэлийг Хархоринд байгуулах талаар ярихтай зэрэгцэн гарсан эл яриаг хэзээ ажил хэрэг болох нь таашгүй.
Засгийн газрын хувьд ч Хэрэг эрхлэх газрыг нь Засгийн газрын 13 дугаар байр буюу Зам, тээврийн хөгжлийн яамны байр луу шилжүүлнэ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхныг Яармаг руу явуулж, “Хангарьд” ордонд нь төвхнөнө гэх мэтээр ярьж байв. Парламентын тухайд Кувейтийн тусламжаар шинэ ордон барина гэж бараг 20 жилийн өмнөөс ярьснаас авхуулаад 2017 онд гэхэд Засгийн газрын 11 дүгээр байр (“Тэнгис” кино театрын өөдөөс харсан байр) луу нүүлгэх гэх мэт цөөнгүй хувилбар дэвшүүлсэн ч бахь байдгаараа. Ямартай ч УИХ байшин, барилга бараг л “дээрэмдэн” мэдэлдээ авахыг бодоход буурь сэлгэхгүй биз.
БҮТЭЭХИЙН ТУЛД “СӨНӨӨВ” ҮҮ
Нөгөө талаас Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын Тамгын газарт нэгтгэж, барилгыг нь мэдэлдээ авч байгаа нь хуульч, судлаачдын бие даасан, мэргэжлийн үйл ажиллагаанд парламент нөлөөлөхөөс авхуулаад олон сөрөг үр дагавар авчирч болзошгүйг салбарынхан нь төдийгүй хууль тогтоогчид анхааруулж шүүмжилж байгаа. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр уг төслийг хэлэлцэх үеэс эсэргүүцэж, “Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, парламентын дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнд нэгтгэх төслийг УИХ-ын хэн гэдэг гишүүн санаачилсныг мэдэхгүй. Засгийн газар ч санаачлаагүй. Хэн ч санаачилж, УИХ-д өргөн мэдүүлээгүй шийдвэр парламентаас гардаг байж таарахгүй. Энэ бол хуулийн хулгай мөн” гэж байр сууриа илэрхийлсэн бол Монголын хуульчдын холбоо мэдэгдэл гаргаж, тус тогтоолын төслийг дэмжихгүй байхыг гишүүдэд уриалж байлаа. Тус хүрээлэнг Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциац, ХБНГУ-ын Ханс Зайделийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хооронд байгуулсан хөгжлийн зээлийн гэрээгээр байгуулжээ. Гэрээ нь 2041 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд Монгол Улс үүнийг биелүүлэх үүрэгтэйг мэргэжлийн холбооны зүгээс онцлохын сацуу “УИХ-ын дэргэдэх байгууллага нь зөвхөн парламентаас баталдаг хууль тогтоомжийн хүрээнд төвлөрч ажилласнаар эрх зүйн бусад эх сурвалжийн судалгаа орхигдож, нэгдсэн тогтолцоо нь эзэнгүйдэхээр байна” хэмээн анхааруулсан юм.
Түүнчлэн хуульч Б.Гүнбилэг “Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж байгаа нь маш харамсалтай. Үнэхээр ядарсан арга. Итгэж байсан зүйлс аажмаар биш, огцом нурж байна. Уг нь бол Хууль зүйн үндэсний хүрээлэнг парламентын дэргэдэх судалгааны төвд биш, тус төвийг дээрх хүрээлэнд нэгтгэх нь зүйтэй. Хойшид УИХ-ын харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн болох нь” хэмээн бухимдлаа илэрхийлсэн бөгөөд Х.Тэмүүжин нарын нэр бүхий хуульчид эл асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн статусыг дээшлүүлж, яамны дэргэд байгааг нь УИХ-ын дэргэд болгож байгаа. Зарим яам, Тамгын газар тус хүрээлэнг дэргэдээ авах гэж санаархдаг болсон. Ийм учраас УИХ-ын хамгаалалтад авч, ажиллуулах гэж байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх онцгой бүрэн эрх УИХ-д хадгалагддаг. Ингэж байж УИХ-ынхаа чадавхыг бэхжүүлье. Тэр байшинг нь авч байгаа юм шиг хандаад байна” гэх тайлбар хэлсэн удаатай.