Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрчим хүчний салбарынхантай “Өглөөний уулзалт” хийж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгч, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байгааг онцоллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцуулж, салбарын төлөөллийн саналыг сонсож байна. Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл, 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцож байна.
“УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан: Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөгт хүрсэн. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.
“ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар: Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг “ДЦС-4” ТӨХК хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна.
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал: “Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 48 хувьтай байна. Энэ онд 4.3 сая тонн нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан. Манай жилийн хүчин чадал 4 сая тонн. Энэ жилийн захиалга 4.7 сая тонн хүрсэн. Үндсэндээ 15 хувийн ачаалалтай ажиллаж байна. Санхүүгийн хувьд дэмжлэг хэрэгтэй байгаа. Багануурын уурхайн хүчин чадлыг 6.5-7 сая тоннд хүргэх шаардлага бий. Манай компани нүүрсний тонн тутамд 5500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
“Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү: Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын 2 жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна.
Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд: Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Үндсэндээ төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар. Манай салбарт тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна. 2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, одоо илүү либерал болгомоор байна. ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна.